ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баасанжаргал: Гүтгээд байгаа нөхөд ирцээр бойкотолж орохгүй бололтой

O.Admin
11 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хуульзүйн сайдаар томилох Ерөнхий сайдын шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, “Процессын болон агуулгын хувьд тайлбар хийх нь зөв байх. Би өөрөө хуульч хүн учраас тэр. Төрийн дээр нам байж болохгүй. Гацаанаас гарах ёстой. Үндсэн хуульд заасан гарцаар бид энэ гацаанаас гарах ёстой юм. Иргэдэд мөн нээлттэй, ил тод мэдээллийг өгөх ёстой юм.

Өнөөдрийн чуулганыг та бүгд харсан байх. Монгол төрийн үйл ажиллагаа ийм байдалтай гацаж болохгүй. Энэ гацаанаас гарах гарц гаргалгаа нь бол ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнуудыг дуудаж хоёр асуудлыг тодруулах явдал гэж харж байгаа.

-Нэгдүгээрт, холбогдох албан тушаалтнуудыг нэр бүхий иргэний нас барсан асуудлыг шалгаж байгаа юу.

-Хоёрдугаарт, шалгаж байгаа бол энэ хэрэгт Д.Амарбаясгаланг холбогдуулан шалгасан уу гэдгийг асуух ёстой. Тийм эрх үүрэг Хуульзүйн байнгын хороонд байгаа. Албан ёсны институци, бүтцүүд ажиллах ёстой гэж бодож байна.

Миний ХОМ олон нийтэд нээлттэй байгаа. Намын дэргэдэх ТББ-ын удирдлагаар ажиллаж байсныг маань хамаарал бүхий гэж олон нийтэд мэдээлж байсан. Би тэр үед мэдэгдэл хийж байлаа. Төрийн ажлаа явуулъя. Бүх зүйл улс төр биш. Эгэл жирийн амьдрал үргэлжилж, төсөв хэлэлцээд явах ёстой юм” хэмээсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр 15.00 цагт Хуульзүйн байнгын хороо товлогдсон ч ирц хүрээгүй байна. Х.Баасанжаргал гишүүн хэлэхдээ “15.00 цагт товлосон ХЗБХ-ны ирц ийм байдалтай.

Өнөөдөр Цагдаагийн байгууллагын албан тушаалтан ирж хүн амины хэрэгт УИХ-ын даргыг холбогдуулан шалгаж байгаа, эсэх тайлбарыг нээлттэй хэлэх учиртай. Гэтэл нөгөө гүтгээд байгаа нөхөд ирцээр бойкотолж орохгүй бололтой” хэмээжээ.