Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 15.00 цагт ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэсэн зар тараав. Зарын дагуу очсон сэтгүүлчдэд тэрбээр “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурван сарын өмнө намын дарга хийхгүй, нэр дэвшихгүй гэж ярьсан хүн.
Гэтэл Бор тээгийн асуудлыг яриад эхэлмэгц нэр дэвшинэ гэж мэдэгдлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, нүүрсний хулгайг хайцаалсан эв нэгдэл гэж байх учиргүй. Би Д.Амарбаясгалан даргыг энэ бүхний эсрэг надтай хамтарч тэмцэх болов уу гэтэл тэгсэнгүй. Эсрэгээрээ энэ бүхэнтэй холбоотой байж.
Тиймээс Хуульзүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж, энэ бүхэнтэй тэмцүүлэх шийдвэрийг гаргалаа” гэв. Нэг талаас харвал Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, түүнийгээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж болно. Хэнийг сайдаар томилж, хэнийг чөлөөлөх вэ гэдгийг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад өгчихсөн эрх мэдэл.
Гэвч нөгөө талдаа энэ албан тушаалыг эрхэлж байсан Л.Мөнхбаатар сайд ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн бэ гэдгийг тэрбээр огт дурдсангүй. Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үед ХНХ-ын сайд Д.Сарангэрэл эгэл иргэдээ “улны” хэмээн доромжилсон үйлдэлдээ ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байсан бол Л.Мөнхбаатар сайдыг яагаад огцруулсан үндэслэлээ ч тайлбарлахгүйгээр нэг ч сэтгүүлчийн асуултад хариулахгүй шинэ Ерөнхий сайд маань гарч одлоо.
Эндээс л энэхүү шийдвэр бол улс төрийн намын даргыг томилгоотой холбоотой өс хонзонгийн улс төр байсан уу гэх асуулт зүй ёсоор урган гарч байна. Учир нь хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “NTV” телевизээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын даргыг “Бор тээгийн уурхай”-д үйл ажиллагаа явуулдаг “Адменирал” компанитай холбоотой, тэр уурхайг хариуцаж байсан Өвөрмонгол иргэн Х.Хасбатарын үхэл ч учир битүүлэг буюу бараг л нийлээд “нухчихсан” мэтээр ярьсан.
Үүний дараа нам дотор бөөн асуудал үүсэж, өнгөрөгч бямба гарагт болсон намын Их хурлын үеэр МАН-ын олон залуу улстөрчид намын гишүүнээ бусдын үхэлд холбож хардсан, түгжил гишүүнийг хөөх тухай асуудлыг хөндсөн болох нь тодорхой болсон. Гэтэл энэ бүхний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөөгдөх бус сайд болон дэвшиж, болоогүй бусдын үхэлд буруутгасан Д.Амарбаясгалангаа шалгахаар болсон нь өс санасан улс төр буюу ямар ч хамаагүй аргаар намын даргын албан тушаалыг авах гэсэн увайгүйтэл болон ард түмэнд уншигдав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хувь хүмүүс бус тэрхүү зөрчилдөөндөө төрийн институцийг хөдөлгөж эхэлсэн нь өөрөө хараат бус сэтгүүлзүйн талаас харвал шүүмжлэх ёстой өнцөг мөнөөсөө мөн.
Тэр тусмаа намын дарга нь албан болон албан бусаар томилогдсон энэ үед өрсөлдөгчөө ялах зэвсгийг төрийн сайд, төрийн яамыг ашиглан бий болгож буй энэ үйлдэл эцэстээ засаглалын тогтворгүй байдлыг дуудах вий гэсэн айдас хэнд ч бий.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг хэн ч шатраар барахгүй. Гэхдээ тэр өрсөлдөгчийнхөө эсрэг хийж буй улс төрийн энэхүү нүүдэлдээ дэндүү гоомой хандчихлаа хэмээн олон нийт үзэж буйг нуугаад яахав. Учир нь Гүйцэтгэх засаглалаас ирж буй энэхүү улс төрийн нүүдэлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан инээж хандах нь юу л бол.
Эсрэгээрээ өөрийн талд байгаа улстөрчдөө ашиглан эхлээд УИХ дээр 2026 оны төсвийг гацаана. Цаашлаад Засгийн газрыг тараах үйлдэл рүү хөдөлнө. 33, 32-оор хуваагдчихсан МАН-ын дунд ХҮН, ИЗНН, АН-ынхан ашигтай талд үйлчиллээ гэхэд энэ Засгийн газар шинэ жил ч үзэхгүй байх эрсдэл ч бий болов.
Үр дүнд нь төр хямарч, төсвөө баталж чадаагүйгээс үүдэн цалингаа тавьж чадаагүй, төсвөө баталж чадаагүй чадамжгүй төр л бий болно. Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээгүй гэж баймааргүй.
Үнэхээр л УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэгчид асуудал байсан бол өмнө нь Хуульзүйн сайдаар ажиллаж байхдаа Б.Энхбаярт шалгах хангалттай цаг хугацаа байсан ч тэгэхийг хүсээгүй, эсвэл хүсэхгүй байсан. Тийм учраас л энэ удаагийн томилгоон дээр нэгийг бодож, хоёрыг тунгаах байж дээ гэж хэлэх гээд байгаа юм. УИХ-ын дарга ч дотоодын энэхүү зөрчлөө эвтэйхэн шийдэж болох атал хэвлэл дуудан сүржигнүүлж, Б.Энхбаярыг дуудан намаас хөөнө гэж сүржигнүүлсний горыг ард түмэн цугаар амсах гашуун улс төр лүү тэд нийлж байгаад түлхлээ.
Эцэстээ энэ бүхэн тэр тусмаа ТББ-ын тамганы төлөөх энэ зодоон гадна талдаа яаж харагдах вэ, Ерөнхий сайд аа. Та бүхний энэ явцуухан эрх ашиг Монгол Улсыг яаж харагдуулж байгааг тооцсон уу.
Намын зовлон төрийн зовлон болж, тэр тусмаа ард түмний амьдралыг гацаах шалтгаан болж төсвөө баталж чадахгүй, төрийн хуулиа ёсолж чадахгүй болтлоо зөрчилдөж байхад үндэсний эв нэгдлийг хангах учиртай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та дуугармаар байх юм.
Хуульзүйн шинэ сайд нь бусдын нохойд барьдаг мод мэт болж, шүүх эрх мэдэлд халдаж, тэр тусмаа төрийн яамыг хувийн өс хонзон, намын зодоондоо ашиглаж, УИХ-ыг хүртэл үүндээ татан оролцуулж буй МАН-ын дарга нарын энэхүү эцэс төгсгөлгүй зодоон Монголын зовлон болон хувирав.