ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Мандхай: Тэд эрх мэдэл, төсөв ярихаар чуулганы танхим дүүргэдэг

O.Admin
16 цагийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хууль болон Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан АН-ын бүлэг хуралдааныг орхин гарснаас үүдэн эдгээр хуулийн хэлэлцүүлэг гацаанд орж, ирц бүрдэхгүйд хүрсэн.

Тэгвэл тус хуулийн танилцуулгыг хийсэн УИХ-ын гишүүн М.Мандхай өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Хүнсний тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын гишүүдээ уриалж, гишүүдээ дагуулсаар чуулганы хуралдааныг хаяж гарлаа.

Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй, баталгаажсан хүнсний асуудал нэн тулгамдсан шийдэх асуудал болчихоод байхад улстөржиж, иргэдийг ТӨРД төлөөлөх үүргээ умартаж, төрийн ажлыг үл тоож, “дотооддоо шийдэх асуудал байна.

Шаардлагатай бол та нар өөрсдөө хэлэлцээд шийдээрэй” гээд гарлаа. УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гаригт хуралддаг. Бусад цагт дотоод ажлаа шийдвэрлэх нь АН-ын эрхийн асуудал. Гэтэл өнөөдөр монгол хүний өвчлөлгүй, эрүүл амьдралын баталгаа болсон Хүнсний хууль хэлэлцэх үед ийм увайгүй улстөржилт хийж байгаад харамсаж байна.

Тэд эрх мэдэл, төсөв ярихаар чуулганы танхим дүүргэдэг. Харин иргэний төлөөх хууль, шийдвэр хэлэлцэх үед ТӨРийг үл тоож, төрийн ажлыг цалгардуулан тасалдуулж байгааг юу гэж ойлгох вэ. Сөрөг хүчин сайн хууль батлахын төлөө парламентын мэтгэлцээнийг явуулж, хууль батлах үүрэгтэй. Гэтэл тэд үүргээ умартан “хаалга савж” байгаа нь сонгогчдоосоо нүүр буруулж байгаа ил хэлбэр юм. Хууль санаачлагчийн хувьд үнэхээр гонсгор байна. Иргэдийн төлөө санаа чилээдэг нь энэ парламентад хэд байна вэ" хэмээлээ.