ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын даргын зөрчлийг улс төр лүү наасан АН-ын ууртай мэдэгдлийн цаана...

O.Admin
2 өдрийн өмнө

Уналт босолттой улс төрийн тогоонд улс төрийн намууд зэрэгцэн оршиж, ээлжилж төр барихдаа барьж, ээлжлэн УИХ-д олонхи, цөөнхийг бүрдүүлж ирсэн. Гэлээ ч тэд нэгнийхээ асуудалд хөндлөнгөөс оролцож, даргыг чинь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давхиж байсан нь үгүй.

Сүүлийн жилүүдэд л харин АН-ын хоёр хуваан талцуулж, хүчийг нь сарниулж, нэр хүндийг нь унагах замаар МАН илүү тодорч, улс төрд гуравдагч хүчний орон зайг ХҮН-д бүрдүүлж өгсөн гэж харддаг ч МАН-ын тийм албан тушаалтан, тэгж эсэргүүцээд гэсэн баримт нотолгоо хараахан үгүй.

Гэтэл өнгөрөгч бямба гарагт улс төрд эрх барьж буй МАН-ынхан Бага хурлаа хийж намын даргаа сонгохтой зэрэгцэн даваа гарагт АН-ын Улс төрийн зөвлөл нь намынхаа бүлэгтээ нэгдэж нийлэн хуралдаж байгаад “Д.Амарбаясгалан чамайг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдэл хийж олны нүдийг орой дээр гаргах нь тэр. Уг нь улс төрийн намууд нэгнийхээ асуудалд хөндлөнгөөс оролцоод байх нь тийм ч ёсзүйтэй асуудал биш юмсан.

Гэтэл АН-ын улс төрийн том албанд ажилладаг залуус нь ээлж дараалан Д.Амарбаясгалангийн эсрэг пост бичиж, АН гишүүдээ хөөдөггүй хэмээж, алгаа ташаад зогссон нэгнийг хүртэл "сүү долоосон гөлөг" хэмээн доромжилж сууцгаана. Тэр тусмаа АН-ын гэх тодотголтой Ц.Элбэгдоржийн фракцийнхан энэхүү томилгоог хамгийн их эсэргүүцэж буй нь эрх ашгийн зөрчил буйг, энэ томилгоо тэдэнд таалагдаагүйг хэлээд буй хэрэг биз. 

МАН Бага хурлаа хийнэ үү, хийхгүй байна уу. Тэрнээс томилогдсон дарга нь хууль ёсных уу, хууль бус уу. Улс төрийн зорилготой тэд нэгнээ намнасан уу, намнаагүй юу гэдэг нь МАН-ын дотоод асуудал болохоос АН-ынх биш. АН-ын дарга нар бус Улсын дээд шүүх бүртгэх эсэхээ шийддэг. Улс төрийн намын соёл ёсоор бол Дээд шүүх бүртгэх эсэхээс үл хамааран тамгаа шилжүүлэн  авсан даргад улс төрийн намын соёл гарган баяр хүргэсэн бол АН-ыг зөв улс төр хийж байна гэж харах байв.

Дараа нь харин төсвийн асуудлаар үнэхээр улс төрийн түвшинд буцаах шаардлага байсан бол түүнийгээ үндэслэлтэй гаргаж тавиад, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үнэхээр УИХ-ын дарга гэдэг талаас нь гэмт хэрэгт холбосон бол энэ асуудлаар тусдаа улс төрийн акц өрнүүлж болно. Гэтэл “Засгийн газарт хамтрахгүй” гэдэг мессеж намынхаа хурал дээр шидсэний төлөө ердөө сар гаруйн дараа батлагдах ёстой, эхний хэлэлцүүлгээ ч давж амжаагүй байгаа улсын төсвөө буцаа хэмээн мэдэгдэл гарган Ерөнхий сайдыг шантаажилж, улс төрийн зодооноо дуусгах хүртлээ УИХ-аас хол бай хэмээн УИХ-ын дарга руу агсарч буй нь албан тушаалаар наймаалцсан шантааж төдий харагдаж буйг нуугаад яах вэ, О.Цогтгэрэл дарга аа.

Учрыг ухаж, хужрыг тунгаагаад үзвэл, учир мэдэх улстөрчид хийгээд хэвлэлийнхний бичиж буйгаас харвал АН-ынхан Г.Занданшатарын байгуулсан шинэтгэлийн Засгийн газарт долоон сайдын суудал авна гэж тохирчихоод байсан гэх. Гэтэл МАН-ын үе хоорондын зөрчлөөс үүдэн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тохироо хийж, улмаар хэн хэн нь Засгийн газарт АН-ыг урихгүй гэсэн мэдэгдэл хийснийг хараад уурссан хэрэг л дээ. Ингээд л намын даргын зөрчлийг төр лүү авчран нааж, төсвөө буцаа, төрийн ажлаа зогсоо хэмээн заналхийлсэн, сүрдүүлсэн мэдэгдэл гэгчийг нийгмийн сүлжээнд цацах нь тэр. УИХ-ын дарга ч хариуг нь тэр даруй барьж “Өөр улс төрийн хүчний асуудалд оролцож буй чинь үнэндээ соёлгүй байна, О.Цогтгэрэл дарга аа. Өөрөө би гүтгүүлсэн атлаа ямар хэрэг хийснээ ухаж ойлгохгүй байна” хэмээн хариуг нь барьжээ.

АН-ынхан ч тамганы төлөө энэ байтугай зодолдож, тэр байтугай л “цусаа үздэг” байсан. О.Цогтгэрэл ч нэгэнтээ С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэнтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцан тамганы төлөө зодолдож явсан. Гэмт хэрэгт ч нэгнээ гүтгэж гүжирдэж байсан нь тоймгүй. Тэглээ гээд МАН-ынхан Удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ дахь намын бүлгээ зарлаж байгаад л “Та нар намын асуудлаа шийдэх хүртлээ төрийн ажилд битгий ирээрэй” гэж мэдэгдэл гаргаж, дөвчигнөсөн нь үгүй юм.

Нам гэдэг бол сайн дурын үндсэн дээр эвлэгдэн нэгдсэн хүмүүс. Монголоор дүүрэн байгаа ТББ-ын л нэг. Хэдийгээр төрийн хоёр өндөрлөг өрсөлдөж, тэр хэрээр төр, нам хоёрын ажил холилдож байгаа ч гэлээ төрийн дээр намын эрх ашгаа авчран ажлаа гацааж буй тэднийг намын асуудлаа шийдэх хүртлээ төрийн ажлаас холд бус намын ажлаа намдаа очиж хийж, төрийн ажлаа энд туйлбаргүй, зөрчилгүй хийнэ үү гэж шаардвал харин эрүүл улс төр болох бус уу, АН-ынхаан.