ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараар ажлын хэсэг байгуулав

O.Admin
17 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг хэлэлцсэн тухай Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв. 

Иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Гишүүдийн зүгээс үл хөдлөхийн үнэлгээний асуудлыг үнэн бодитоор үнэлдэг болоход анхаарч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талд анхаарах, иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор байраа борлуулж байгаа бизнесийн зорилгоор худалдаалж байна уу гэсэн тооцоо судалгааг нарийн гаргах, орон сууц барьсан өртгөө багаар тооцож НӨАТ-аа багаар тооцуулах зэргээр барилгын салбарын далд бизнес хоёр хувийн татварыг байхгүй болгосноор цэцэглэх боломжтой эсэх талаар асуусан юм.

Манай улсын хэмжээнд 2024 оны байдлаар 32933 орон сууцыг 4.6 их наяд төгрөгөөр борлуулж, 93.7 тэрбум төгрөгийг татварт татан төвлөрүүлсэн байна. Судалгаагаар 663 мянган иргэн хамтран болон ганцаарчилсан байдлаар орон сууц эзэмшиж байгаа, үүнээс нэг орон сууцтай 539 мянга, хоёр орон сууцтай 100 мянган иргэн байна.