ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Хуулийнханд ирж буй дарамтыг хараад жигшин зэвүүцэж байна

O.Admin
11 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр, “Улс төрийн халуун өдрүүд өрнөж байна. Мэдээж МАН-ын даргын сонгууль болсонтой холбогдуулан миний бие өрсөлдөж, ялалт байгуулсан.  Хувь хүн бус хууль засагладаг эрхзүйт төрийг бий болгохын төлөө, намаа хувь хүн биш нийт гишүүд нь оролцоотой нам болгох, цаашлаад парламентын засаглалаа улам бэхжүүлэхийн төлөө намын даргад нэр дэвшсэн юм. Бага хурлын үнэмлэхүй олонхийн саналаар би сонгогдсон. Нийт гишүүдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Өрнөж буй үйл явдлыг та бүхэн харж буй биз.

Хамт нэр дэвшсэн өрсөлдөгч маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр олон үндэслэлгүй, баримтгүй зүйлээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсаж байгаа. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох үйл ажиллагаа явагдаж байна.

Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс магадгүй Гүйцэтгэх засаглалаас ирсэн дарамтаас болж төрийн ажлыг зориудаар гацааж болохгүй.

Намайг хүн амины хэрэгт гүтгэж, нүүрсчин мэтээр гүтгэсэн учраас Хуульзүйн байнгын хорооны даргатай зөвшилцөн цаг үеийн шинжтэй бодит мэдээлэл авах ёстой гэж шийдсэн. Хуулийн хүрээнд асуудлыг ярьж, олон нийтэд мэдээлэл өгч байж төрийн ажлыг хэвийн явуулах ёстой гэж бодсон.

Хэвлэлээр ээлж дараалан хийж байгаа гүтгэсэн мэдээллээс илүүтэй байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагаас бодит мэдээллийг авах ёстой ч гүтгэсэн этгээдүүд ирэхгүйн улмаас хурал хоёр цаг гаран хойшилж, эцэст нь ирц хүрэхгүй завсарлалаа. Тэд маргааш ч болов хуралдаа сууж, мэдээлэл аваад төрийн үйл хэргийг доголдуулахгүй явуулна гэдэгт итгэлтэй байна.

Ор үндэсгүй гүтгэлгийн талаар ярихыг хүсэж байна. Нүүрсний хулгайч мэтээр зарлаж, харлуулж, гүтгэж ирсэн. МАН-ын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн энэ үед улс төрийн дарамт, дарангуйлал гэдэг зүйл бүрэн тогтсон гэдгийг өөрийн биеэр харлаа. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дор үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй гэдгийг ч мэдэж авлаа.

Намайг гүтгэж байсан этгээдийг Хуульзүй, дотоод хэргийн сайдаар Үндсэн хууль зөрчин УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр томилж буйгаа Ерөнхий сайд маань мэдэгдлээ. Намайг нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нүүрсчин болгох захиалга өгсөн этгээдээсээ сайдын шагнал авлаа гэж харсан.

Улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд удаа дараа мэдээлэл хийж, намайг гүтгэж, улмаар төрийн ажлыг гацааж буй нь ардчилсан парламентад аюул ирсний том дохио юм. Энэ өнөөдөр миний асуудал мэт боловч маргааш та бүгдийн аюул юм. Ардчилсан нийгмээ алдах эрсдэл ирж байна. Ул суурьтай, баримт материалтай хандах нь зөв юм. Баталгаатай бус, баримтгүй асуудлаар нэр төрд халдаж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах захиалгыг Гүйцэтгэх засаглалаас өгч байна.

Би АН-ын Улс төрийн зөвлөлийн мэдэгдлийг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Гэхдээ АН-ын бүлэг хуралдаж, Д.Амарбаясгалан намайг оруулж тайлбар авах нөхцлийг хангана гэж итгэж байна. Есдүгээр сарын 29-ний өдөр Д.Амарбаясгалан намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар тайлбар гаргаж өгөхийг хүссэн.

Даваа гарагт би Л.Мөнхбаатар сайдад энэ асуудлаар хандаж, хууль хяналтын байгууллагуудаас тайлбар авахыг хүссэн ч тэр хүнийг тэр өдөр нь чөлөөлсөн. ЦЕГ-аас хариулт өгүүлэхгүйн тулд хууль, хяналтын байгууллагад дарамт учруулсан байж болзошгүй гэж хардаж байна. Энэ асуудлаар надад ямар нэг байдлаар хэрэг үүсгээгүй, дуудаж мэдүүлэг аваагүй. Прокурорын байгууллага ч хэргийг хаасан гэдгийг өнөөдөр надад ирсэн ЦЕГ-ын бичгээр дамжуулан та бүхэнд мэдэгдэж байна.

Б.Энхбаяр гэж хүн 30 сая ам.доллар ковидын үед хилээр оруулж ирсэн, бараг тэр хүнийг нухчихсан гэж ярьсан. Би гүтгэгдэж, доромжлуулж байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эцэг хүний хувьд энэ гүтгэлгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тухайн нас барсан хүний эхнэр нь захидал ирүүлснийг та бүхэн харсан байх.

Их гүрний дунд оршиж буй Монгол Улс хүний эрх, ардчилсан сууриа алдвал юу болох вэ. Хүний эрх, эрх чөлөөний төлөө би цаашдаа ч тууштай зогсох болно. Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг харахад үнэхээр хүндрэлтэй болжээ. Тэдэнд очиж буй улс төрийн дарамтыг хараад зэвүүцэн, жигшиж байна. Энэ том хүчирхийлэл дунд би хүчин мөхөсдөж байгаа. Гэхдээ энэ дарамтын эсрэг зогсож байгаа парламентын гишүүд хийгээд иргэдтэйгээ хамт байгаа учраас ард нь гарч чадах болно.

Парламентын үйл ажиллагааг доголдуулах гэсэн үйлдлээ зогсоохыг Г.Занданшатар даргаас шаардаж байна. Сонгуулийн үр дүнгийн дараа бүгд өмнөхөө мартаад хамтдаа урагшилдаг алтан зарчимтай. Гэтэл ялагдсан журмын нөхөр маань намын гишүүдийн итгэл рүү ус цацаж, намын эгэл жирийн гишүүдийн эсрэг ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна” гэлээ.