“Нэгэнт МАН-ын Бага хурал нь шийдээд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгосон юм бол амжилт хүсээд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй байна” хэмээн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ байр сууриа илэрхийллээ.
Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Ардын нам Бага хурлаараа даргын асуудлаа олонхиороо шийдсэн юм бол энэ асуудлаа даруй шийдээд төрийн ажлыг даруй үргэлжлүүлмээр байна. Үндсэн хуулийн хүрээнд 920 орчим хууль хэрэгжиж байна. Энэ хүрээнд УИХ бодлого үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ажлыг удирдан зохион байгуулдаг хүн нь УИХ-ын дарга. Төрийн бус байгууллага /нам/-ын дүрэм дээр бүдрээд алдаа хийв л гэж дээ.
Би өглөө уулзахдаа Д.Амарбаясгалан даргад баяр хүргэсэн. Ингэхдээ МАН-д томоохон шинэчлэл хийгээрэй гэж захиасан. Д.Амарбаясгалан дарга бид хоёр сүүлийн 16 жил хамтарч ажиллалаа. Өрсөлдөж ч явлаа. Аливаа асуудлын зөв оновчтой шийдлийг нь олоод шуурхай ажилладаг тал дээр нь би үнэлдэг. Бас УИХ дээр Хяналт шалгалтын түр хороо байгуулаад нүүрсний гэх хэргийг нэг мөсөн задла гэж би хэлсэн.
Үүний хажуугаар Ардчилсан намаас Ардын нам дотоод асуудлаа шийдтэл бид 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт орохгүй гэсэн. Энэ бол маш буруу. Ийм байж болохгүй. Улсын төсөв бол улс орны бүх санхүүжилтийн асуудал. Өвөл хаяанд ирлээ. Утаа униарын асуудал босно. Энэ зун зарим газар хүнд болсон. Энэ өвөл их хүнд өвөл болно. Ажлаа даруй урдаа тавиад шийдэх ёстой байтал өрсөлдөгч намд үүссэн зөрчлийг дэвэргээд шантааж хийх байдлаар хандаж болохгүй” хэмээн мэдээлэл өглөө.