ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: Эзэнгүй төсвөө буцаан татаж, ашиг сонирхлын зөрчлөө шийдээд ирцгээ

O.Admin
15 цагийн өмнө

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы эхэнд АН-аас 2026 оны төсвийн төсөл болон УИХ-ын дарга гэмт хэрэгт холбогдсон асуудлаар байр сууриа нэгтгэнэ хэмээгээд ирцээ бүртгүүлсэн ч намын бүлгээ хуралдуулахаар чуулганы хуралдааныг орхиж гарсан. Тэгвэл АН-ын бүлэг хуралдаж дууссан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.

Х.Тэмүүжин гишүүн хэлэхдээ “АН-ын Улс төрийн зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаад УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгсөн. Тэр чиглэлийн дагуу бүлэг сая хуралдлаа. Улс төрийн зөвлөл хоёр асуудлаар мэдэгдэл гаргасан. Нэгдүгээрт, энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйл хаанаас эхтэй вэ гэдгийг хариуцлагатай албан тушаалтнаа зааж байгаад намын гишүүн нь өөрөө ярьсан. Өөрсөд рүүгээ зааж байна, тэд.

Парламент буюу УИХ-ын спикерын асуудал хөндөгдөж буй учраас энэ асуудал шийдэгдэх хүртэл парламентыг удирдах нь зохимжгүй юм. Намын даргатай холбоотой асуудлаа УИХ дээр ашиг сонирхлын зөрчил байдлаар гаргавал АН-ынхан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй шүү гэдэг зүйлийг ярьсан. Ядаж олон нийт итгэж болохуйц тайлбар өгөх хүртэл энэ суудалд суух ёсгүй гэдэг асуудлаар манай нам байр сууриа нэгтгээд гарч ирлээ. Мөн төр засаг эзгүйдчихлээ. Ямар ч яам, тамгын газар ажил хийхгүй болчихлоо.

Энэ цаг хугацаанд бид төсвөө хэлэлцэж, ирэх өвөл ямар байдлаар төсвөө зарцуулах вэ гэдгээ ярих ёстой. Гэтэл төсөв өөрөө итгэл үнэмшилгүй болсон, сайд нар нь ч юу хэлэлцүүлж байгаагаа мэдэхгүй сууж байна. Гадаа гудамжинд тэтгэвэр нэмэхийг ахмадууд шаардлаа. Багш нар цалингаа нэмүүлэх гэж суулаа. Бизнес эрхлэгчид төрийн данхайсан бүтцээ татаач гэж хүссэн. Гэсэн ч энэ бүхний ард эзэн алга.

Тиймээс Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёулаа аль, аль нь ашиг сонирхлын зөрчилтэй учраас төсвөө буцааж тат гэж байгаа юм. Бид парламентыг хямраахгүй. Ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ энэ хоёр хүн асуудлаа шийдэх хүртлээ явах ёстой. АН ямагт төр засгийг гацаахгүйгээр ажлаа явуулна. Сонирхлын зөрчилтэй энэ хоёр хүн итгэл даахгүй байна.

Парламент Дэд даргаараа ажлаа хийлгээд явах юм бол бид ажлаа хийгээд явна. Намын даргын сунгаанаас болоод хоёр хүн хариуцлагагүй байна. Засгийн газар ажлаа хийхгүй болчихлоо. Засгийн газрын өмнөөс бид ажил хийхгүй биз дээ. Хариуцлага хүлээх эзэн чинь алга болчихлоо шүү дээ.

Авлигатай тэмцэх гэж байгаа бол сүүдрээ багасга. Гэтэл энэ төсвөөс юу ч харагдахгүй байна. 100 өдрийн дараа барьж орж ирсэн төсвийг нь та нар хар. Нэг ч төрийн өмчит компанийг татан буулгах санал орж ирсэнгүй. Эзэнгүй буюу хариуцлагагүй газар хариуцлага тооцох эрх нь УИХ-д бий. Засгийн газар ажлаа хийхгүй бол огцордог жамтай” гэв.