Намын нөхрөө хүн амины хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр өчигдөр МАН-ын дэргэдэх Хяналтын хороо хуралдан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хөөх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Д.Бум-Очир, З.Мэндсайхан, Б.Заяабал нарын гишүүд мэдээлэл хийж, хөөсөн шийдвэрээ эргэж харахгүй бол МАН-аас гарна гэдгээ мэдэгдэв.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Шударга бус ижил тэнцүү үйлчлэхгүй байгаа энэхүү шийдвэрээ МАН эргэж харахгүй бол бид дараагийн шатны арга хэмжээ авна. Миний хувьд Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга байсан хүн. Дорнодын харьяалалтай Б.Энхбаяр, Н.Номтойбаяр нарыг намаас хөөлөө. Намын хүчийг ашиглаж намаас хөөгөөд байгаа асуудалд би анхаарна. Эрх барьж буй нам хариуцлагатай, амласнаа биелүүлдэг, авлигатай тэмцэх 5Ш ажиллагаагаа хэрэгжүүлээч гэж хүсэж байгаа юм. Бидний саналыг дэмжиж буй бол МАН-ын гишүүд маань дэмжээрэй. Өнөөдөр бид шууд гарна гээгүй. Хэрвээ засаж залруулахгүй бол гарах хүртэл арга хэмжээ авна гэж байгаа юм” гэв.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан “Хөгжлийн банк, Нүүрсний сонсголыг тухайн үед Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр маань нийгэмд дэлгэж тавьсан. Монголын ард түмний төлөө, авлигын эсрэг Б.Энхбаяр маш сайн манлайлж ажилласан гэж боддог. Авлигатай тэмцэх юм байна гэж итгэж Монголын ард түмэн санал өгсөн. Гэтэл МАН нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Намын гишүүнээс түдгэлзүүлэх хэдхэн заалт байгаа. Авлига, гэмт хэрэгт холбогдсон бол гэдэн заалт бий. Гэтэл алингаар нь хариуцлага тооцсон бэ гэдэг нь тодорхой бус байна. Авлигын асуудлыг илрүүлсний төлөө хариуцлага тооцож болохгүй. Шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдээ хөөж гаргадаг байж болохгүй” гэв.
Нийгэмд хүлээлт үүсгэсэн олон хууль хүлээгдэж, төсөв хэлэлцэж буй энэ цагт намын гишүүнээ хөөснөөрөө хагарлын үүдийг нэлээд хүчтэй нээчихлээ. Ард түмний амлалтыг биелүүлэхийн төлөө Ардын нам ажиллах ёстой гэж үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Заяабал онцлов.