АН-ын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт намын хуралдаа ирсэн үеэрээ намын ҮБХ-ны хуралдааны талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Наймдугаар сарын 02-нд Улс төрийн зөвлөл хуралдаад, тэрхүү хурлаар намын дарга Лу.Гантөмөр санал оруулсан. Нэгдүгээрт, намын даргын асуудлаа хэлэлцэх. Хоёрдугаарт, дүрмээ шинэчлэх. Гуравдугаарт, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа хэлэлцэх санал оруулсныг нийт гишүүд хэлэлцээд үнэмлэхүй олонхийн саналаар дэмжсэн.
Өнөөдөр намын дарга ҮБХ-ны тэргүүлэгчдэд энэхүү саналаа хүргүүлж, эдгээр гурван асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхээр оруулах байх. ҮБХ-ноос янз бүрийн санал гарах байх, тэр бүрийг авч хэлэлцэнэ. Бүх намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлалаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шийдэх ёстой. Манай намын даргын тухайд хамтарсан Засгийн газраас гарсантай холбогдуулан улс төрийн хариуцлага хүлээж, дараагийн намын даргын асуудлыг хэлэлцээч гэдгээ хэлсэн учраас одоо хэлэлцэж байгаа юм.
Улс төрийн нам үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой. Тэгэхээр одоо байгаа дүрэм 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй. Намын дарга ч хүчинтэй. Манай нам хоёр хуваагдчихсан байсан нь 2023 онд алга болсон. Энэ хуваагдал бага, багаар илааршиж байгаа. Таван намаас үндэслэлтэй фракциуд алга болж үзэл бодол, сонирхол, насны ангиллаар хуваагдаж байсан бол одоо үзэл санааны хуваагдал явж байх шиг байна. Нэр дэвшиж буй хүмүүс өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа нь тэр хүний л байр суурь шүү дээ.
Ямар нэг хувь хүн, үйл явдалд зориулж намын дүрмийг өөрчилж болохгүй. Аливаа зарчим мерит дээр суурилах ёстой. Дөнгөж намд орж ирээд, эсвэл ҮБХ-ны гишүүн болчихоод намын дарга болно гэж болохгүй. Би 2023 онд манлайлал үзүүлэх гэж намын даргад нэр дэвшиж байсан. Энэ удаа бол дэвшихгүй. 42 гишүүнтэй, нийт сонгогчдын 50 шахуу хувийн саналыг авсан учраас парламентын гишүүн намын даргатай байх ёстой гэж үзээд өрсөлдөөнөөс гарсан" гэв.