ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Япон улсаас Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1.7 тэрбум ам.долларт хүрчээ

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол Японы бизнес, инновацын форумыг нээж үг хэллээ.

Тэрбээр, Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ нь банк санхүү, харилцаа холбоо, дэд бүтэц гээд томоохон салбарыг хамардаг ч жижиг дунд болон гарааны бизнесийг дэмжиж зах зээлд орон зай бий болгоход анхаарч байгаагаа Тэргүүн шадар сайд тодотгов. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилж, эдийн засгийн түншлэлийн үр шимийг хоёр тал хүртэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Монголд хөрөнгө оруулахад бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нь төрийн үүрэг гэж үзэж байгааг хэлсэн үгэндээ онцлов.

Хоёр улсын худалдааны өнөөгийн нөхцөл байдлыг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхойлдог. Одоогийн байдлаар эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр улсын гадаад худалдааны харьцаа хэт зөрүүтэй байгаа нь түншлэлийг дараагийн шатанд гаргах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Тийм учраас түншлэлийг эрчимжүүлэх хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйн орчныг тодорхойлсон баримт бичгүүдийг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байгааг Япон Монголын бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Япон улсаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1990 оноо хойш 1.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний 60 хувь нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хойш хийгдсэн.