Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсныг онцлов.
Жишээ нь:
-Баяжуулсан коксжих нүүрс – 22.6 хувь
-Хайлуур жонш – 54.3 хувь
-Төмрийн хүдэр – 26.6 хувь илүү үнээр тооцож байсан аж.
“Түүхий эдийн үнэ өндөр үед компаниуд тэсч байсан ч, үнэ буурахад алдагдалд орж, үйл ажиллагаа доголдож байна. Тиймээс бид бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжиж байна.
Журамд өөрчлөлт оруулснаар аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлнө. Ингэснээр биржийн арилжааны идэвх нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрөх тооцоо гарсан.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй байдлаас шалтгаалан зогсонги байдалд орсон 47 баяжуулах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Өмнө нь төрийн өмчит компаниас (Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөг, Эрдэнэс Критикал гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргах хандахад гэрээг бүртгэхгүй, лабораторийн дүгнэлт гаргадаггүй байснаас шалтгаалж аж ахуй нэгжүүд хохирдог байсан.
Өөрөөр хэлбэл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ашигт малтмал худалдан авахад биржээр худалдан авсан байх шаардлага тавьдаг, энэнээс шалтгаалж аж ахуй нэгжид хүндрэл үүсэж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэр технологийн парк байгуулах томоохон бодлого зогссон.
Жишээлбэл, Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр дээрх бодлогын зөрчлөөс болж хоёр жил зогссон байсан. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэв.
Түүнчлэн, Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дотоодын борлуулалтыг биржээр хийх журам мөрдөж, цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцоллоо.