Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр утсаар ярилаа.
Ярианы эхэнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин гүйцэтгэх засгийн эрхэм хариуцлагатай албан үүрэгт томилогдсонд нь Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэж, хоёр улсын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын түлш, шатахуун болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон автобензинийн экспортын хоригт Монгол Улсыг хамруулаагүйд ОХУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензинийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг хүслээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр улсын түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өөрийн зүгээс анхааран ажиллахаа мэдэгдэж, холбогдох байгууллагуудыг Монголын талтай хамтран ажиллах чиглэл өгөхөө илэрхийллээ.
Улмаар Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шийдвэрлэх чиглэлээр шуурхай хамтран ажиллахад санал нэгдэв.