МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хариуцлага тооцох шийдвэр гаргаж, олонхийн саналаар дэмжсэн билээ. Намдаа гомдсон Д.Хаянхярваа гишүүн уурандаа Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл хэсэг нөхдийн хамт өчигдөр хэвлэлийн хурал хийж, Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барив. Тэр гомдсон уураа Засгийн газарт, намынхаа дарга, Ерөнхий сайдад гаргав. Бас болоогүй баахан гомдов, гонгинов. Чин үнэнийг хэлэхэд, таныг тулхтай улстөрч гэж өнөөдрийг хүртэл бодож явсандаа жигтэйхэн их ичив. Аль ч цаг үед улс төрийн элдэв акц, сенсааци байж л байдаг. Гэхдээ ийм инээдэмтэй, хошин шогийн хувилбартай “жүжиг”-ийг харж байсангүй. Гуравдугаар ээлжийхнийг “үдийн цай”-нд урьсан найруулга муутайхан жүжиг чинь хол явахгүй. Ямар ч итгэл үнэмшил алга. Өөрт чинь албан хүчээр итгэж болох ч тойрон хүрээлэгчид чинь түмэн олон түй ч итгэхгүй. Сайдын суудлаар өгөөш үмхүүлсэн бол бүр ч явахгүй шүү.
Таны цуглуулгад ЖДҮХС-гаас зээл авагчид, гомдогч, тэрслэгч, өшөө авагч, мөрөөдөгч, горилогч гээд төрөл бүрийн нөхөд цугларчээ. Ирээдүйд чинь гэрэл ч алга. Хамгийн багадаа л хонгилд жаахан гэгээ тусах ёстой биз дээ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан “сахал” хочит УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дэмжиж гарын үсэг зуржээ. Хүн болсон хойно түүний өмнөөс ичиж үхэх шахлаа. Хүний амиар дэнчин тавьж, дөрвийн дөрвөн хүүхэд өнчрүүлчихээд хариуцлага тооцсон удирдлагадаа өс санаж, гарын үсгээ зурсан бол юу ч хэлэх вэ дээ. Албан тушаалдаа үхтлээ хайртай байсан бол хариуцлагагүйн зуд нүүрлэсэн салбараа олигтой удирдах чинь яасан юм бэ. Сайд нь болсон. Өөрийнхөө тойрон хүрээлэгч нараар баахан томилгоо хийсэн. Эцсийн мөчид тэд чинь нийлээд нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдчихоод байна. Өөрийн чинь хүмүүс өөрийг чинь унагасан. Алдаагаа ямар холоос хайдаг юм бэ. Харин ч сайдын суудлаас огцроод өнгөрсөн нь их юм гэж бод. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад явахад ч багадахгүй зүйл. Аль ч тохиолдолд хүний амьнаас илүү улс төр, албан тушаал байх ёсгүй. Мөн залуу үеийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зохиж явна. Монголын төр танд болон танай гэр бүлд ямар ч өргүй. Тэгж яривал авлагатай байх шүү. ЖДҮХС-гаас ээждээ 700 сая төгрөгийн зээл авч өгсөн. Таны аав “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлаар шалгуулж байгаа. Гэтэл өөрөө Засгийн газар огцруулах тоолонд гарын үсгээ харамгүй хайрладаг “түгжил” зангаа гээнэ үү.
Магадгүй аль, аль ашигтай санагдаж, хоёр туулай хөөхөд гэмгүй юм шиг бодогдох авч, авлигын сүлжээнд орсон гэр бүлийнхээ нэр хүндийг аврах бус шал арчаад, зүлгээд, тэгшлээд дууслаа, Г.Тэмүүлэн гишүүн ээ. Монголын төрд төлөх ёстой өрөө барагдуулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах зам өөрт чинь үлджээ. Үеийн үед төрөөс дэмжлэгтэй амьдарч ирсэн эрхэм гишүүн Б.Ундармаа Засгийн газрыг огцруулах бичигт мутраа хайрлажээ. Энэ цаг үед хоёр бус 20 нүүртэй амьдарсан ч болох тийм дархлаатай нийгэм гэж огт санагдахгүй байна. Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газрыг унагахад гарын үсгээ 700 сая төгрөгөөр үнэлсэн. ЖДҮХС-гийн мөнгөнөөс түүний компани “идээ амссан” гэсэн үг. Харин энэ удаад арай илүү мөнгөний санал аваагүй бол ингэж хоёр үзүүртэй зүү авирлаж, аяглаж байгааг чинь огт ойлгохгүй юм. Сангийн сайд болгоно гэсэн санал тавьсан бол эртхэн татгалзаарай даа. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь мөн л засгаа тонгорох юм байх. Тонгорч болно, эрхэм гишүүд ээ. Гэхдээ жаахан мэдрэмжтэй, баримжаатай байхгүй бол 2020 онд сонгуулийн тойрог битгий хэл Монголд амьдрах газар олдохгүй шүү. Улс орны хөгжилд үнэтэй нэмэр оруулахаас илүүтэй Хоролмаагийн үүргийг гүйцэтгээд байвал сэргээх хүнд үлдэхгүй л байх.
Танд Эрүүл мэнд юм уу БСШУС–ын сайдын санал тавьсан бол жаахан эргэлзээтэй л юм. Хэн ч сайд болох эрх нь нээлттэй ч түмэн олон зөвшөөрөхгүй. Гомдогсдын армийн хэдээс дахин сайдын суудал горьдож байгаа бололтой. Дөрвөн жилд, дөрвөн удаа салбарын сайдаар ажиллах мөрөөдөл хэнд ч төрж магадгүй цаг үе. Гэхдээ чухам ийм боломж бүх хүнд байх эсэх нь эргэлзээ төрүүлмээр. Харин мөрөөдөлд хязгаар үгүй шүү дээ. Тухайлбал, Ж.Эрдэнэбат гишүүн дахиад Ерөнхий сайд болох ч юм билүү хэн мэдлээ. Мэргэжлийн Засгийн газраа дахин байгуулахыг ч үгүйсгэхгүй. Бараг танхимаараа гарын үсэг зурж, ангийн даргынхаа хамт өшөө авалтын фронтод нэгдсэнийг харвал ингэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат “ЖДҮХС-гаас зээл авч болохгүй гэж хэлэхгүй яасан юм бэ” гээд бүлгийнхээ хуралд суухдаа үнэнээ өчсөн сураг гарсан.
Нэг бодлын тэнэг ч юм шиг. Бас гэгээнээр бодвол цагаахан ч юм шиг. Юу хийж, ямар ажил хийх үүрэгтэйгээ ч мэдэхгүй байсаар бүрэн эрхийн хугацаа нь дууслаа. Түүн шиг ийм гишүүд МАН дотор олон бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Д.Ганболд, Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар гээд хөвөрч өгнө. Сайд болгоно гэсэн амлалтад нь итгээд явж байгаа байх. Түүнээс аль салбарт очих, салбараа мэдэх эсэх, өөрийн мэргэжилтэй нь тохирох гэх мэт наад захын асуудлаа мэдэхгүй сайд гэсэн ганцхан үгэнд итгээд, хөл хөөрцөг болж яваа байх даа. Яасан ч итгэмтгий юм бэ. Засаг унасан ч та нарыг сайд болгохгүй. Ангийн дарга чинь зөвшөөрөхгүй. Наад жүжиг чинь шал өөр тавилттай юм.
1. Д.Хаянхярваа
2. А.Ундраа
3. Н.Амарзаяа
4. Ц.Мөнх-Оргил
5. Л.Энх-Амгалан
6. Д.Оюунхорол
7. М.Билэгт
8. Г.Мөнхцэцэг
9. Б.Дэлгэрсайхан
10. Б.Саранчимэг
11. Н.Оюундарь
12. Ё.Баатарбилэг
13. Г.Тэмүүлэн
14. Ж.Бат-Эрдэнэ
15.Ж.Эрдэнэбат
16. М.Энхболд
17. Д.Тэрбишдагва
18. Б.Ундармаа
19. О.Содбилэг
20.Ш.Раднаасэд
21.С.Бямбацогт
22.Б.Чойжилсүрэн
23. Н.Номтойбаяр
24.Ж.Мөнхбат
25. Л.Мөнхбаатар
26.Ц.Цогцолмаа
27.Д.Ганболд