Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөрийн говийн бүсийн хөгжлийн талаарх байр сууриа илэрхийллээ. Түүний байр суурийг уншигч танд хүргэе.
-Говийн бүсэд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт эргээд ямар өгөөж өгөх вэ гэдгийг бүсчилсэн хуралдаанаар ярьж байна. Энэ тухайд таны байр суурийг сонирхоё?
-Монгол Улсын хөгжлийг бид томъёолохдоо 2024-2028 онд хөгжлийн дөрвөн үндсэн чиглэлийг авсан. Хүний хөгжил, бүсчилсэн хөгжил, эдийн засаг, нээлттэй засаглал гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хөгжинө. Олон жил яригдсан бүсчилсэн хөгжил нь өөрөө ядуурлаас гарах, ажилгүйдлийг бууруулах гол агуулга юм байна.
Бүс нутгуудаар тойроод чуулган хийж буй шалтгаан нь бүсчилсэн хөгжлийн бүтэн зураглал гаргах явдал. Орон нутгийнхаа төлөөлөлтэй бүрэн ойлголцол бий болгохыг зорьж байгаа. Ер нь бид төлөвлөлтөөс зугтаж боломгүй юм билээ. Төлөвлөлтийг зөв хийж чадах юм бол урт хугацаандаа хөгжил тогтвортой ирдэг хуультай юм байна.
Эдийн засгийн шинжлэх ухаан дотор байгаа бүсчилсэн, хэсэгчилсэн хөгжлийн загварыг Монголд нутагшуулахаар ажиллаж байгааг хэлэх ёстой. Төлөвлөлтгүй явсны хамгийн муу жишээ нь Улаанбаатар хот шүү дээ. Говийн бүс өөрөө их онцгой. Устай болгоё гэж олон зуун жил төр засаг мөрөөдөж байсан. Өгөөдэй хааны үеэс л говийн ус яригдаж байсан түүхийн баримт бий. Говийн бүс аж үйлдвэрийн бүс нутаг гэдэг нь маргах аргагүй үнэн. Энэ тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг ч мөн ярих цаг болсон.
Говийн бүсэд үйлдвэржилт явуулахдаа өндөр технологи нэмээд байгаль хамгаалал гэсэн хоёр зүйлийг хийх шаардлага байна. Үйлдвэржинэ гэвэл хүний нөөц, эрчим хүч хоёрыг ярих ёстой болно. Хуучны системээс ангижрах цаг болсон. Хуучин бол 500 хүн үйлдвэрт ажиллаж байсан бол одоо 50 хүн ажиллах үйлдвэрүүдийг байгуулах зэргээр шинжлэх ухааныг татаж оруулахгүйгээр хөгжил дэвшил явахгүй нь ээ. Говийн бүс нутагт хамгийн багадаа 10 тэрбум давсан хөрөнгө оруулалт ойрын үед хийгдэх нь ээ. Бидний хийх ажил бол боловсрол, хүний нөөц, ус, эрчим хүч, төмөр зам, ложистикийн дэд бүтцээ шийдэх юм. Монгол Улс үйлдвэржсэн орон болж, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт хүрэх гол төв нь говийн бүс.
Японы Засгийн газартай бид говийн бүсийн хөгжлийн алсын харааны ерөнхий төлөвлөгөөг хийх ажлын эхлүүллээ. Япон улс өөрөө бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт дээрээ маш хол явсан. Арабын хөгжлийн алсын харааг мөн япончууд гаргасан юм билээ. Говийн бүсэд тогтвортой бодлого хэрэгжихгүй бол говио алдах эрсдэл бий юм билээ.
-Дэлхийн хөгжилтэй холбож буй хамгийн том бүс нутаг нь өөрөө говь. Тун удахгүй Гашуунсухайт хилийн боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт эхлэх нь ээ. Цагаандэл мөн хүлээгдэж байна. Эдгээр төслүүдийн ач холбогдлыг ярьвал?
-Гашуунсухайт араас нь Хангимандал, Шивээхүрэн, Бичигт гээд явна. Энэ бол манай талын дараалал. Хятадын тал Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Хангимандал гэсэн хүсэлттэй байгаа. Энэ дөрвийг хийх явцдаа Цагаандэлийг хийнэ гэдэг саналтай.
Бид Цагаандэл уулын боомтоо ард түмэнд ашигтайгаар иргэндээ үйлчилж болохуйц хэмжээнд хөгжүүлье. Нутгийн иргэд импорт хиймээр байна гэж байгаа. Бид Улаанбаатар руу 700 км давхиж, Замын-Үүдээр орж ирсэн барааг авмааргүй байна. Хилийн цаана байгаа адил үнэтэй барааг авъя гэдэг хүсэлт тавьдаг учраас импортыг нээж өгөх ёстой гэж харж байгаа.
-Бүсчилсэн хөгжлийг тууштай эхлүүлснээр бидний өрсөлдөх чадвар ямар хэмжээнд өөрчлөгдөх бол?
-Улаанбаатар төвтэй байхаа болино гэсэн үг. Зургаан бүсэд өөрийн гэсэн шинжлэх ухаан, боловсрол, зах зээл, тээвэр логистиктэй болъё. Өмнөговь аймгийн аль нэг сум руу бараа бүтээгдэхүүн очихын тулд заавал Улаанбаатараар дайраад явж болохгүй. Бүсчилсэн хөгжлөө бүрдүүлж, кластераа бий болговол өртөг багасна, эдийн засгийн боломж бий болно. Шинэ ажил учраас маш их ажил хийх ёстой, судалгаа ч шаардагдана.
Ер нь 20-30 жилээр зураглаж байж бодит хөгжил бий болно. Сум, аймгийн удирдлагууд бүсийн хөгжлийн төлөвлөлтөд гар бие оролцох ёстой учраас бид хөдөө орон нутагт бүсчилсэн уулзалт хийгээд байгаа юм. Говийн бүсийн хөгжлийн хүрээлэн байгуулъя гээд орон нутаг өөрөө хөдөлж эхэлж буй нь төлөвлөлт хийж сурч буй нь нэг нотолгоо. Тогтвортой бодлогыг гаргаснаар бүс нутгийн онцлогоос шалтгаалсан цоо шинэ эрхзүйн орчин бүрдэнэ. Говийн бүс тухайлбал уул уурхайгаас татвар төлж буй бол нөгөө талдаа аялал жуулчлал, мал аж ахуйг нь татваргүй болгох ёстой болно.
-Говийн бүсийн хамгийн ашигтай ажил нь юу вэ?
Ус бас инженер. Усаа судал. Байгалийн ухаан бол өөрөө суурь нь. Энэ суурь бий болчихвол эдийн засаг нь өөрөө маш хялбархан. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчинд ямар ч асуудал байхгүй. Цогтцэцийд эдийн засгийн тусгай бүс байгуулж болно. Гол нь шинжлэх ухаан гэдэг зүйлийг бүрэн мэдсэнээр хөгжил ирэх юм билээ. Байгалийн баялгийг ашиглаад нүх үлдээх бус хөгжил болгоход анхаарах нь чухал юм. Гадаадад оюутан сургахдаа ч говийн бүсийн залуусыг түлхүү инженер мэргэжлээр сургаснаар тэд буцаж ирээд нутаг орноо хөгжүүлэх зэргээр урт хугацаанд анхаараасай. Нэг хоёр уулзалтаар хэмжиж болохгүй юм аа.
Говь өөрөө хүн амьдрах бүс нутаг болохын тулд том компаниудын бид хөрөнгө оруулалт шаардана. Бүс нутгийн усжуулалтад судалгааны ажил хийлгэх, сургууль цэцэрлэг барих төдийхнөөр аргацааж болохгүй ээ. Ашигт малтмал ашигласны төлбөрөө сум нь аваад бүтээн байгуулалтаа хийг. Гагцхүү том компаниуд хамгийн том асуудал болох усжуулалт, тэмээн сүргийн тоо толгойг нэмэх зэрэг олон зуун жил үр өгөөжөө өгөх төслүүдэд аж ахуйн нэгжүүдээ дайчилна аа.