ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн

O.Admin
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох хуулийн төсөл боловсруулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ж.Баярмаа гишүүн хэлэхдээ “Энэ асуудлаар анх 100 гаруй мянган иргэн цахим парламент платформ дээр ердөө долоохон хоногийн дотор гарын үсгээ зурсан. Тиймээс эдгээр иргэдийн саналыг ажил хэрэг болгох нь УИХ-ын гишүүдийн үүрэг юм гэж бидний хэдэн гишүүд үзсэн учраас хуулийн төсөл боловсруулж байсан. Тэгвэл ХХОАТ-ыг 1 хувь хүртэл бууруулах төслийг ч мөн боловсруулах шатандаа буюу цахим платформд байршууллаа.

Сэтгүүлч та бүгдээр дамжуулж хэлэхэд иргэд саналаа өгөөсэй гэж хүсэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 05-ны өдөр энэхүү төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Татварын дарамт асар их байна. Орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч, төсвийн зарлагад зарцуулдаг байдлыг зогсооё. Монгол Улс хүнээсээ л бүрддэг. Гэтэл тэр хүмүүс нь бага ч болтугай орлого олж байж амьдарна. Гэтэл татварын дарамт учруулж байгаа нь иргэдийг улам бүр туйлдуулж байна. Зургаан албан татварыг бүгдийг нь 1 хувь болгох хуулийн төсөл санаачиллаа.

Иргэн баян бол улс баян. Иргэдээ баяжуулдаггүй юм гэхэд бага ч гэсэн татвараас чөлөөлөөсэй. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ-ын есөн хувиа төрд хураалгалгүй авч үлдвэл 180 мянган төгрөг үлдэх юм. Энэ 180 мянган төгрөг иргэдэд бодит орлого болж хувирна. Ядаж шуудай гурил, уут будаагаа авна. Энэ мөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудад цайны мөнгө байх. Гэхдээ иргэдэд тийм биш юм. 2.5 их наядын зөрүү гарна гэж ярьж байгаа. Тэгвэл энэ мөнгийг бүрдүүлэхэд маш амар. 2026 оны төсвийн орлогоо тооцоолохдоо энэ дүнгээ хасаад буюу 9 хувийг 1 хувиар тооцож төсөвлөнө.

Төдий чинээ зарлагаасаа хасаад явж болно оо. Хэрэгжих боломж бол байгаа. 2025 оны төсвийг оруулж ирэхдээ 38 их наядаар оруулж ирсэн. Тэлсэн төсвөө багасгаач гэхэд Сангийн сайд төсвийг багасгах ямар ч боломжгүй гэж байсан ч Ерөнхийлөгч хориг тавихад 33 их наяд болгож, бууруулаад оруулж ирж байлаа. Хасах хувилбаруудыг бэлдсэн гэж Сангийн сайд хэлж байсан шүү дээ” гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн тухайд “Сүүлийн 10-аад жил 250 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Үүнээс 60 гаруй мянга нь сүүлийн таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, татвараа төлж байна. Энэ аж ахуйн нэгжүүд жил ирэх тусам өсөх ёстой ч тогтвортой байгаад байгаа нь төрийн дарамт, татварын дарамт их байгаа, бодлого дутмаг байгаатай холбоотой. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалин хөлс сайнгүй, маш олон хүн ажилгүй байгаа нь хэрэглээ ихэссэн, татвар дарамталсан, эдийн засаг агшсан асуудалтай холбоотой юм. Хуулийн төслийг гишүүд бус 100 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн учраас бид хуулийг өргөн барьж байгаа юм” хэмээлээ.