Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”-ийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран \2025.05.05\ зохион байгууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзсан нэмэлт, өөрчлөлтийг удаа дараа оруулж байсан ч өнөөдөр хууль эрх зүйн шинэчлэлээс хоцрогдож, эрх зүйн зөрчил, хийдэл үүсэж буй учраас хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсээд буй.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон талт оролцоог ханган ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна.
Нийтийн өмчийн хуулийн төсөлд нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон танилцуулав. Тэр бээр хуулийн төслийг баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субъектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг илтгэлдээ онцлов.
Мөн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хуульч, судлаач Г.Давааням, Нийтийн өмчийн хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн талаарх судалгааны тайланг хуульч, судлаач С.Батбаяр нар танилцуулсан бөгөөд хуулийн төсөл нь үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ, шаардлага, зорилтыг зарчмын хувьд хангасан байна гэж дүгнэжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилттэй холбоотой практикт тулгамдаж байгаа асуудлуудыг дурдаж, орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, өмчтэй холбоотой шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байлгах талаар тодорхой саналуудыг гаргав. Мөн зохион байгуулагчдын зүгээс эдгээр саналыг хуулийн төсөлд тусган боловсруулалтыг сайжруулахад анхаарч ажиллана гэв.
Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, төрийн өмчит компанийн захирлууд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид, судлаач, иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.