Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг оновчтой арга, хэлбэрээр тодорхойлж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.05/ Багануур дүүрэгт болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн замын хөгжлийн газар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллага, орон нутгийн иргэд оролцож байгаа юм.
“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гаргасан санал, зөвлөмжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглахаар зорьж байна.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл харьяа агентлагийн алба хаагчидтай уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэн ажлын амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд салбар хороодын уялдаа холбоог ханган ажиллах шаардлагатай. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг төрийн болон төрийн бус байгууллагууд шат шатандаа ойлголтоо нэгтгэж, үр дүнтэйгээр хамтран ажиллах бололцоог бий болгоно гэж харж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдэж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэж, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тусган ажиллах юм.
НИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр:
-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлж, хүрэх үр дүнгээ ‘нэг цонхоор’ хардаг болох нь хамгийн чухал. Энэ хүрээнд НГХУСАЗСЗ-ийн зүгээс олон санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд нэн тэргүүнд камержуулалтын нэгдсэн системийг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх нь ач холбогдолтой гэж харж байна.