ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН БҮЛЭГ: Парламентын мэтгэлцээний зарчмыг хамгаалсан учраас бойкотоо зогсоолоо

O.Admin
4 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, 20 минутын хот концепцийн хүрээнд үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай зүй бус харьцсан Ерөнхий сайдын асуудлаар завсарлага аваад байсан асуудлаа дүгнэж ярилцсан гэлээ.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Өнгөрсөн өдрүүдэд энэхүү маргааныг хоёр улстөрчийн маргаан мэтээр ойлгуулах гэж нэлээд оролдлоо. Гэвч энэ бол Засгийн газар хийгээд парламент буюу институци хоорондын асуудал гэж АН-ын бүлэг үзсэн учраас бойкот зарласан. Өнөөдөр өглөө Ерөнхий сайдтай бүлгийн дарга миний бие болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хамт уулзаж, ойлголцолд хүрсэн. Тиймээс цаашдаа чуулганы хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанд хэвийн суугаад явна. Ер нь ардчилсан сонгуультай оронд ард иргэд өөрсдөө дүнгээ тавиад явдаг учраас асуудлыг ард түмэн ойлгосон байх аа.

Ер нь төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Парламент бол мэтгэлцээний талбар байна гэдэг зарчмаасаа ухарч болохгүй. Парламентыг бэхжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүд маань хуулийн төсөл боловсруулж байна. Парламентыг бэхжүүлэх чиглэлд хатуу байр суурь илэрхийлж, дэмжиж байсан гишүүд хийгээд дэмжигч нарт баярлалаа. Засагт хамтрах нэг өөр парламент мэтгэлцээний зарчим гэдэг өөр. Хамтарсан Засгийн газрын асуудал огт яригдаагүй. Тодорхой ажлын үр дүн гартал Засгийн газар бол ажиллах ёстой. Парламент дээр бид нэг том бүлэг болоогүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ынхаа дээр Засгийн газар нь гараад суучихсан гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Энэ үйл явдал ганц өнөөдөр болж байгаа юм биш. Эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөө бус даргыг шүтдэг хандлагаар гурван даргынхаа ширээг чуулганыхаа толгойд тахчихсан. УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэж байдаг. УИХ-ын чуулган 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. Тэр хүн УИХ-ын гишүүн юм бол гишүүдийнхээ дундаа суу. Яг хариуцлага яриад эхлэхээр гишүүн нь гишүүнтэйгээ маргаа биз дээ гэж ярьсан. Гэтэл мэдээлэл өгөхдөө бидний дээрээс харж суугаад загнаж байгаа юм.

Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний хувиар дуугарч байгаа гэдгээ тэгвэл мэдэрч байх ёстой гэдгээс үндэслэн энэхүү хуулийн төслийг оруулж ирнэ. Гэхдээ УИХ-ын түвшинд асуудлыг ярихад гурван өөр хууль болгоод оруулаад ирээч гэдэг асуудал ярилаа.

Ерөнхий сайдын суудлыг доош буулгах хуулиа тусдаа. Ерөнхий сайдын цаг биш Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх асуудлыг тусдаа. Төрийн өндөр албан тушаалтан чуулганы хуралдаанд худал мэдээлэл өгвөл хариуцлага тооцох асуудлыг тусдаа салгаад оруулаад ирвэл МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Монгол Улс гурван даргын улс буюу дарангуйллын систем рүү шилжиж байгаа бол зарчмын хэд хэдэн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа хатуу хамгаалах ёстой гэдэгт санал нэгдлээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг бусад улс орны Гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж буй тэргүүний адил парламентад ажлаа танилцуулах, ижил тэгш зарчмаар явах асуудлыг хангуулах. Гадуур яваад байгаа шиг Ерөнхийлөгч дахиж сонгогдох эрх олж авахын тулд гарц гаргалгаа хайж байгаа бол Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах талаар тууштай зогсохоос гадна УИХ-ын даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарах ёстой гэдэгт саналаа нэгтгэх нь зөв гэж шийдлээ. Хуулийн төслүүдийг цаашдаа үе шаттай өргөн бариад явна” гэлээ.