ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: Ерөнхий сайдын уучлалыг хүлээн авсан ч огцруулах саналаасаа ухрахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
3 цагийн өмнө

Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “С.Баярцогт гэж хүн асуулт асуусан учраас би хариулъя” хэмээн бухимдаж хариулт өгсөн нь асуудал үүсгэж, УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан, эмэгтэй улстөрчийг үл хүндэтгэсэн, парламентыг үл тоосон гэх асуудал үүсгэж, АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл хуралд суухгүй хэмээн Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд бойкот зарлаад байв. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүнтэй уулзаж, албан ёсоор уучлалт гуйжээ.

Энэ талаар Ж.Баярмаа гишүүн хэлэхдээ “Уучлалыг үсдэж авчраад гуйлгадаг зүйл биш. Тэр хүн гуймааргүй байвал яах юм. Чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хаана ч хийж болно. Чуулган руу үсдээд аваад ир гэж хэлж болохгүй. Бүлгийн удирдлагын хамт би Ерөнхий сайдтай уулзсан. Надаас уучлалт гуйсан. АН хагараагүй. Харин ч саяны үйл явдлаар нэгдсэн гэж хэлж болно. 30 гаруй гишүүн оролцоод гарын үсгээ зураад нэгдсэн байр суурьтай байя гэж шийдсэн. Засгийн газраас хамтрах, гарах тухай асуудал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалд ямар ч хамааралгүй.

Ерөнхий сайд бид хоёрын дундах үйл явдлыг урьдчилж харах боломжгүй. Намын дарга хувь хүний хувьд байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй. Би Ерөнхий сайдад хатуу хэлсэн. “Та уучлалт гуйх нэг хэрэг. Харин би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Буруу зөрүү асуудлыг ярьсаар л явах болно” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Тийм ч учраас би бүлгийн удирдлагатай уулзсан.

Хоёр хувь хүний асуудал бус институци хоорондын асуудал гэж үзсэн учраас бүлгийн удирдлагатайгаа уулзаад гарч ирсэн. Би уучлалтыг хүлээж авсан. Миний эсрэг зохион байгуулалттай зүйл маш их явж байна. Миний охин, миний гэр бүл рүү орж ирж байгаа нь асуудал үүсгэж байна. Яахаараа миний охины нэрийг мэддэг болчихдог юм. Охин минь амиа хорлох зэрэг асуудал үүсвэл яах вэ гэдэг зүйл яригдана. С.Баярцогт гишүүнтэй холбох, манай нөхрийг оролцуулах асуудлыг би орхино. Гэтэл охины минь нэрийг мэдээд гаргаад ирсэн байсан. Би Их хурал хийгээд ХАСХОМ-д л хувийн мэдээллээ өгсөн. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Намайг айгаад чимээгүй болно гэж бодсон байх. Тийм зүйл огт байхгүй. Би Ерөнхий сайдыг огцруулах асуудалд санал бодол маань хэвээрээ байгаа” гэлээ.