ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Дипломат албадын хамгаалалтад анхаарна

O.Admin
15 цагийн өмнө

Хүүхдийн төлөө зөвлөл өчигдөр хуралдсантай холбогдуулан нийгмийн асуудад эрхэлж буй сайд нар үүрэг даалгавар авч, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулжээ. Тэгвэл хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг маргааш тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ямар ямар шийдвэр гаргасан талаар ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн бол Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл шинэчлэн батлагдах хуулиудын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Гэр бүлийн тухаай хууль, Хүүхэд хамгааллын асуудал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг илүү боловсронгуй болгох асуудлыг тус тус хэлэлцэж, Хуульзүйн дотоод хэргийн яам болон бусад хууль сахиулах байгууллагууд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл авчээ.

О.Алтангэрэл сайд хэлэхдээ “Хүүхэд хамгааллын сайжруулах чиглэлд хууль, дүрэм журмуудын судалгааг хийх. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Мөн олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа дотоод, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Эрүүгийн хуулийн нөхцөл журмын дагуу хамгаалагдах ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нутагт үйл ажиллагаа явуулж буй дипломат төлөөлөгчийн газрын харуул хамгаалалтад анхаарахыг даалгалаа” гэв.

Тэгвэл эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг өөрчлөх чиглэлд ямар шийдвэр гарсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх. Сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг улс орон даяар, орон нутагт эрчимжүүлэх, 10-12 дугаар ангид хийгдэх эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж, эрт илрүүлж оношилж эмчлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Намрын чуулганаар энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг боловсруулан өргөн барина” гэлээ.