Засгийн газрын ээлжит хуралдаанаас ураны хайгуул олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зарим арга хэмжээний тогтоолыг баталсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр, "Ашигт малтмал, уран болон бусад бүтээгдэхүүнийг хайх олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтийн хараат бус байнгын болон шууд хараа хяналтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, цаашлаад уул уурхайгаас олж байгаа орлогыг орон нутгийн хөгжлийн сан, үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, цацраг хэмжих, агаар, ус, хөрсний бохирдлыг шинжлэх олон улсын түвшний лабораторийг орон нутагт байгуулах багц шийдвэр гаргажээ.
Иргэд байгаль орчиндоо хараа хяналт тавих, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо маш өндөр. Тэр хэрээр эдийн засгийн үр өгөөжийг харж дэмжиж буй иргэд ч байна. Нөгөө талдаа шүүмжилж, байгаль орчны чиглэлээр мэдээлэл дутуугаас шүүмжлэлтэй хандаж байгаа иргэд ч байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас зургаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг, 122 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, Их хурлаар олонхиор шийдвэрлэсэн зургаан ажлын хэсгийн ахлагч, мөн Их хуралд ажлын хэсгийг ахалсан Б.Пүрэвдорж нарт иргэний нийгмийн байгууллагаас шаардлага ирсэн. Эдгээр шаардлагуудад анхаарал тавьж, Засгийн газрын тогтоол баталж байгаа юм.
Цаашдаа орд ашиглах, хувь эзэмшигчийн гэрээ хийгдэх үед байгаль орчны хяналтын асуудлыг маш сайн тусгаж, иргэний хийгээд төрийн байгууллагууд маш сайн ажиллах ёстой гэж үзлээ. Уран олборлолтын техник технологийн шийдэл болон бусад цаг үеийн мэдээллийг бэлтгэж олон нийтэд түгээхийг Ц.Туваан сайдад даалгалаа. Цацрагийн нөлөөллийн болон мэргэжлийн судалгааны байгууллагын мэдээллийг түгээхийг Цөмийн энергийн комиссын газрын дарга болон бусад мэргэжлийн байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.
Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, орон нутагт сая ам.доллар нийгмийн хариуцлагын хүрээнд олгогдоно. Энэ бүхэнд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, Дорноговь аймгийн Засаг даргад даалгалаа. Иргэдийн оролцоог хангах үүднээс орон тооны бус “Иргэдийн хяналтын зөвлөл” байгуулж ажиллахаар шийдлээ. Иргэд хариуцлагатай уул уурхайг бий болгох чиглэлээр төртэйгөө хамтарч ажиллах ёстой. Тиймээс иргэдийн хяналтыг бүх талаар хангуулж ажиллуулна аа" гэлээ.