ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Дулаан шийдэл II” төсөл хоёр үе шаттай хэрэгжиж ирэх онд дуусна

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбарынхантай уулзаж цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэ удаа “Дулаан шийдэл II” төсөл, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП төсөл, дулаалгын ажил хийдэг барилгын бригадууд, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, гэрийн дулаалга үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдийн төлөөлөл болон эдгээр төслийн үр шимийг хүртэгч иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

“Дулаан шийдэл II” төсөл 2 үе шаттай хэрэгжсэн, ирэх онд дуусна. Төсөл эхлээд дулаалгын хялбар шийдэл аяныг зохион байгуулж дулаалгын талаар иргэдэд мэдээлэл өгөх, дулаалга хийдэг мэргэжлийн бригадуудыг бэлдэх чиглэлд ажилласан бол хоёрдугаар шатанд 85 сургагч багш, сайн дурынхныг сургаж, 2711 өрх байшиндаа дулаалгын хялбар шийдлийг ашиглаж, 600 өрх дулаалгын хялбар шийдлийн багц авсан байна.

Харин Монгол гэрт зориулсан нүүрсгүй шийдэл бүхий ЧИП төслийг 2019 оноос Улаанбаатар хот, 13 аймагт хэрэгжүүлж 4700 өрх хамрагдаад байна. Багцын хэрэглэгчдийн хувьд гэр доторх агаарын чанар илт сайжирсан, энэ нь эрүүл мэндэд нөлөөлсөн гэсэн судалгааны дүн гарсан. Хамгийн гол нь айл бүр жилд хэрэглэдэг 4 тонн нүүрс, түлээнээс татгалзаж, агаарын бохирдол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Мөн Г.Лувсанжамц гишүүний санаачилгаар иргэдэд дулаалгын ач холбогдлыг сурталчилан таниулах, эдгээр амжилттай хэрэгжсэн төслүүдийн тухай мэдээллийг иргэдэд түгээх “Дулаанбаатар” аяныг гурван үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар танилцууллаа.