ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: Ногоон эрчим хүчээ экспортлох яриа хэлэлцээр эрчимтэй хийгдэж байна

O.Admin
4 цагийн өмнө

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтаа эхлүүллээ.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд "Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж байгаа 14 мега төслийн нэг, их бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Олон жилийн улстөржилт, дотоод гадаадын хүчин зүйлээс болж Монгол Улс хөгжлийн олон боломжоо алдсан. Монголын улс төрийн гурван том хүчин хурдтай хөгжлийн төлөөх зориг гарган зөвшилцөл бүхий гэрээг байгуулсан.

Үүгээрээ бид улс орны өмнө тулгарч буй асуудал, тулгамдсан бэрхшээлийг хурдтай шийдвэрлэхээр ажиллаж ирсний үр дүнд олон жил яригдсан энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай байгуулж чадлаа. Засгийн газар хоорондын гэрээ, олон улсын гэрээ конвенцийн дагуу бүтээн байгуулалтыг гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд амжилттай зохион байгуулж, “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” хэрэгжүүлэхээр шалгарлаа.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг тэлж, иргэдийн бодит орлого өсөж, хоёр улсын худалдаа нэмэгдэж, хамтын ажиллагаа улам бэхжих шинэ эхлэл тавигдана. Монгол Улс эдийн засгаа солонгоруулах бодлого баримталж, үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбараа шинэ шатанд гаргаж, ногоон эрчим хүчний шавхагдашгүй нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчим хүчний дотоодын хэрэглээг бүрэн хангахаас гадна хөрш орон БНХАУ-аас гадна Зүүн Азийн зах зээлд экспортлох цогц реформыг эхлүүлэх нь ээ.

Ногоон эрчим хүчээ экспортлох яриа хэлэлцээр эрчимтэй хийгдэж байна. Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө 14 мега төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчноо таатай болгож, гадны хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллах болно. Хоёр улсын харилцаанд нэн шинэ түүх нээж, хөгжлийн шинэ түүхийг нээх энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож буй нийт инженер техникийн ажилчид, салбар бүрийн мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.