ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо хуралдав

O.Admin
5 цагийн өмнө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны 2025 оны II хуралдаан өнөөдөр /2025.05.14/ боллоо.

Хуралдаанаар оны эхний таван сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаашид гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл танилцууллаа.

Хуралдаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд “Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг сайжруулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, хар тамхитай тэмцэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ чиглэлээр урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Түүнчлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ үеэр Үндэсний хороо болон дэд зөвлөлийн гишүүдэд хандаж ҮАБЗ-ийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах үүрэг чиглэл өгөв.