ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
3 цагийн өмнө

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болов.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.

Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байна.

Үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.