ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайхан: 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдлээ

O.Admin
5 цагийн өмнө

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийн нээлтэд хэлсэн үгийг хүргэе. 

Тэрбээр, "Түүхэн том төслийг та бид хамтдаа хөдөлгөж чадлаа. Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоолын дагуу Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай заасны дагуу сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр зохион байгуулж, түүний үр дүнд төмөр замын зам, барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийн хэмжээний БНХАУ-ын хоёр компани оролцсоноос Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ шалгарч, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Товчхон түүх дурдвал, Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан, төмөр замын царигийн хэмжээг дөрвөн удаа өөрчилсөн, хилийн цэг тохирох талаар Хятадын талтай таван удаа яриа хэлэлцээг хийж, 2021 онд Монгол, Хятад улсын хилийн 703-р баганаар тохиролцсон байна.

Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж буй Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /СИ АР ДИ СИ/” компани Техник эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг гүйцэтгэж, манай Зам, тээврийн хөгжлийн төв магадлалын ерөнхий дүгнэлт хийсэн.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд Улсын хилийн зурвас газартай давхацсан хэсэгт төмөр замын зурвас газар 484,77 га, шилжүүлэн ачих терминал 87,38 га, ажилчдын амрах байр 3,2 га, цэвэрлэх байгууламжийн зориулалтын газар 1 га буюу нийт 576,35 га газар ашиглуулах асуудлыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолоор шинэчлэн баталсанаар Төмөр замын зурвас газар, аюултай бүсийн хязгаарыг тогтоосон байна.

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг өнөөдрөөс эхлэн 22 сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтууд ачаа нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Иймээс салбарын сайдын хувьд, , хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй нийт байгууллага, албан хаагчдад амжилт хүсэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн түүчээ болсон уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье. Төмөр замчдын яруу алдар үеийн үед мандан бадраг. Ган зам зурайж, галт тэрэг хурдлах болтугай" гэв.