УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.
Тэгвэл энэ талаар хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар “Хуулийн төсөл батлагдсанаар хар жагсаалт гэх ойлголт байхгүй боллоо. Онооны систем рүү шилжсэнээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн бүтцийг харвал 63 хувь нь хадгаламжийн хүү, эх үүсвэрийн зардал, 15 хувь нь эрсдэл, 22 хувь нь урсгал зардал байдаг. Тэгэхээр 15 хувь буюу эрсдэлийн зардал дээр хэмнэлт хийж болно.
Тухайн иргэнийг онооны системээр эрсдэлийг үнэлчихнэ гэсэн үг. Одоо бол сайн, муу зээлдэгчийг ялгаж чадахгүй байгаа. Банк бүгдэд нь өндөр хүү тавьчихдаг. 4-5 хувь нь төлөхгүй байнгуут өндөр хүүгээр шархаа нөхчихдөг. Мөн барьцаа хөрөнгийн шалгуур буурна. Тэртэй, тэргүй өндөр оноотой иргэн санхүүгийн сахилга баттай байж зээлээ төлөх учраас барьцаа хөрөнгө шаардахгүй гэсэн үг.
Цаг хугацаандаа зээлээ төлдөг иргэнийг урамшуулдаг болно. Бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог болно. Мөн банкуудын хооронд өрсөлдөөн үүснэ. Банкууд дотооддоо тухайн иргэний мэдээллийг хадгалаад байдаг. Гэтэл өөр нэг газраас санхүүгийн үйлчилгээ авах гэхээр тухайн мэдээллээ хуваалцдаггүй. Тэгвэл оноотой болсноор дуртай санхүүгийн байгууллагаасаа зээл авах боломж бүрдэх юм. Олон улсын хамгийн зөв тогтолцоо руу нэвтэрч байна.
1989 онд АНУ анх шилжсэн. Дагаад Англи, Солонгос зэрэг дэлхийн улс орнууд шилжсэн. Хамгийн сүүлд Энэтхэг, Вьетнам зэрэг улс орнууд шилжиж байгаа. Дэлхийн улс орнуудад хүү 2-4 нэгжээр, барьцаа хөрөнгийн шаардлага 15 хувиар, зээл өдөрт нь гарах гэх мэт эерэг үр дүн гарсан байгаа. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Гэхдээ Төрийн мэдээллийн эмхэтгэлд 14 хоногийн дараа хэвлэгдсэнээр хууль мөрдөгдөж эхэлнэ. 200 мянган иргэний хар жагсаалт алга болж, эсрэгээрээ онооны систем хэрэгжиж эхлэх юм.
Тусгай зөвшөөрөлтэй хоёр компани Сайн скор, Бүрэн скор гэсэн хоёр компаниас сонгоод онооны системээ хэрэгжүүлээд явна. Зээлийн мэдээллийн хууль 2011 онд батлагдсанаар кибер аюулгүй байдал хийгээд бусад шалгуураар хоёр компанид тусгай зөвшөөрөл олгосон” гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан мөн тогтоол батлагдсан аж. Тодруулбал, тухайн иргэнээс хамаарахгүйгээр зээлийн эргэн төлөлт доголдсон тохиолдолд зээлийн оноонд нь уян хатан хандах тухай. Үер ус, гал түймэр, өвчин гэх мэт эрсдлийг бүрэн тооцжээ. Гэхдээ Хөгжлийн банк зэрэг тусгай сангаас зээл аваад эргэн төлөөгүй тохиолдолд уян хатан нөхцөл үйлчлэхгүй гэж тусгажээ. Боловсролын зээлийн санд ч мөн онооны систем үйлчлэх бөгөөд төлөлтөө хийхгүй бол оноо буурч, төлсөн тохиолдолд нэмэгдээд явах юм байна.