БНСУ-ын хил дээрээс монгол иргэд буцаж байгаа, буцахдаа хүний эрхийн зөрчилтэй нөхцөлд 2-3 хоног идэх хоолгүй шахам саатуулагдах өрөөнд хоригдож буй асуудлаар Монгол-Солонгосын парламентын бүлгийн хурлаар ярилцжээ. Мөн энэхүү хуралдаанд Гадаад харилцааны яамнаас ирж мэдээлэл өгсөн аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ ярихдаа “Солонгос улсад оршин сууж байгаа иргэд хийгээд хил гааль дээр үүсэж буй асуудлаар Гадаад харилцааны яам ирж мэдээлэл өглөө. 2024 онд албан ёсны тоогоор 1350 иргэнийг буцаасан бол 2025 оны нэгдүгээр сард 14 мянган иргэнээс 115, хоёрдугаар сард 10 мянган иргэнээс 101 иргэнийг буцаасан байгаа юм.
Хамгийн түрүүнд БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудал дээр Монгол Улсын Элчин сайдын яамнаас солонгос хэлтэй хүнийг ажиллуулахаар шийдэх асуудлыг ярилаа. Ярилцлагын өрөөнд оруулах эрхийг нээж өгөх үү, хүний эрхийг хангах чиглэлээр ажиллах уу гэдгээ ярилцаад явна. Тус улсын парламентын бүлгээс энэ асуудлаар дэмжих боломжтой гэж ярилаа. Өнөөдрийн хурлаар Элчин сайдын яамны ажилчдын асуудлыг ярилаа.
Хүн амын тоонд үндэслэн ажилчдын тоог нэмэгдүүлэх ёстой. 54 мянган хүнд тус улсад байгаа Элчин сайдын яаманд 17-хон хүн ажиллаж байгаа нь маш хангалтгүй. Хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр хүн амын тоотой харьцуулж тоог нэмэхэд хоёр улсын парламентын бүлгийн гишүүд санал нэгдлээ. Үүнээс гадна 17 мянган хууль бусаар оршин сууж буй иргэдийн эрхийн асуудал байна. 2000 оны эхээр визгүй иргэдэд виз олгож байсан. 2025 онд хоёр удаа өршөөл зарлах юм билээ.
Тэгэхээр визгүй иргэдээ визтэй болгох асуудал яригдах нь ээ. Хүний эрхтэй холбоотой асуудалд Гадаад харилцааны яам камерын бичлэгийг авахаар хөөцөлдөж байгаа юм билээ. Тэнд нэг их зөрчил ил гарч ирэхгүй байх. Зөрчилдөөд ирсэн хүмүүсийнхээ асуудлыг энд бид тусад нь аваад Хүний эрхийн комисс болон Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ёстой. Солонгос хүний хувийн эрх буюу гар утсыг үзэх эрхгүй. Тэгэхээр үүн дээр асуудал яригдана” гэв.