ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Төрийн өмчийг олон нийтийн болгох нэрээр зарж болохгүй

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал дээр байр сууриа ийн илэрхийлжээ. Тэрбээр, "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь нэг дор хувьчилах нь иргэдэд хүртээмжтэй бус, харин эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт л орно.

Төрийн өмчит компаниудыг нэг дор, лангуун дээрх бөөний бараа шиг яаравчлан хувьчилж, “олон нийтийн болгох” нэрийн дор зарж болохгүй.

Жишээ нь өнгөрсөн намар жилдээ 1 их наяд гаруй төгрөгийн орлоготой ажилладаг МИАТ компанийн 49 хувийг ердөө 23 тэрбум төгрөгөөр, нэг сургууль ч барьж хүрэхгүй хэмжээний мөнгөөр зарах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад нь би эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, дахин ийм байдлаар оруулж ирвэл олон нийтэд хандахаа тухайн үед илэрхийлж байсан.

Төрийн өмч бол төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бэлэн мөнгө болгох зүгээр нэг актив биш. Үүн дотор стратегийн салбарууд, үндэсний аюулгүй байдал, олон мянган хүний ажлын байр, ирээдүй үеийн тогтвортой хөгжил, нийгмийн суурь хэрэгцээг хангах үндэс суурьтай шууд холбоотой олон салбар бий.

Олон арван үйлдвэр, үйлчилгээг судалгаа, төлөвлөгөөгүй хувьчилсан өмнөх гашуун туршлагууд бидэнд бас бий.

Төрийн өмчийг бодлогогүйгээр, бөөнөөр нь зарахад төр ч хожоогүй, иргэд ч хожоогүй, улс үндэстнээрээ хохирсон. Эцэст нь бүгд зүгээр л ипортлогчид, баталгаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид болж цөөн бүлэг л ашиг хүртсэн байдаг.

Иймд төрийн өмчийн шинэчлэл нь мөнгө босгох хэрэгсэл биш, харин урт хугацааны хөгжлийн стратеги гэж харах ёстой. Өөрөр хэлвэл алийг нь авч үлдэх, юуг нь шинэчлэх, ямарыг нь хувьчилах, эсвэл тодорхой хувийг нь олон нийтийн болговол зах зээл, эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ ямар хугацаанд хэдэн хувиар өсч тэлэх вэ, ажилгүйдэл ядуурал хэрхэн буурах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, нарийн тооцоотой, хатуу хяналттай, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр шийдэх учиртай.

Төр төсөвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй. Төр бол аж ахуйн нэгж иргэддээ тэгш боломж олгож, өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой" гэжээ.