УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүлжээ.
Энэ хууль батлагдсанаар:
- Иргэн гутал засвар, үсчин, дугуй засвар, оёдол гэх мэт аливаа төрлийн бизнес эрхлэх болсон тухайгаа аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх;
- Зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах;
- ААН-үүдийн зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах;
- Зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох;
- Хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах;
- Бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх;
- Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах;
- Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх;
- Зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой юм.
