Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.18) Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй” гэж заасан байдаг.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна.
“Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байв. Цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоо нийт дүнгээр 101 байсныг 19-ээр буюу 18.8%-аар бууруулж 82 болгохоор төлөвлөсөн байна.
