ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Дэд сайдын асуудлаар хуулийг өөрчлөхөд хамтарч ажиллана гэлээ

O.Admin
4 цагийн өмнө

АН-ын бүлгээс өчигдөр мэдэгдэл хийхдээ төрийн бүтцийг данхайлгаж, төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлж Дэд сайд нар томилж буй шийдвэрээ эргэж харахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэж мэдэгдсэн бөгөөд энэ хүрээндээ өнөөдөр Ерөнхий сайдад шаардлагаа өгчээ.

Ерөнхий сайдын хувьд хуулийн хүрээнд энэ томилгоог хийсэн гэдгээ мэдэгдэж, цаашдаа төрийн бүтцийг цомхон болгох, Дэд сайд хийгээд үр ашиггүй томилгооны цомхотголд АН-тай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн аж. Энэ талаар АН-ын дарга болон намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “АН-ын бүлэг шаардлагаа Ерөнхий сайдад өгч, асуудлаа ярилцлаа. Ер нь сүүлийн үед УИХ, Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал ярьж байгааг та бүхэн харж байгаа байх.

Дандаа албан тушаалын холио солио л явж байгаа. Томилгоо явахдаа зардал нэмсэн томилгоо яваад байгаа учраас шаардлага өглөө. Дэд сайдын асуудал зөвхөн нэг илрэл шүү. Төсвийн орлогын тасалдал, бизнес аж ахуйн нэгжүүдийн дампуурал зэрэг нь төрөө цомхон болгох шаардлагатай нийцэж байна. Ерөнхий сайдын тухайд хуулийн хүрээнд томилгоо хийсэн гэдгээ хэллээ.

Засгийн газрын хуульд Дэд сайдтай байна гэдэг хуультай юм байна. Энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая гэлээ. Дэд сайдтай хамтарч ажиллана гэсэн заалтыг хасах асуудалд хамтарч ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ. Хуулиар байна уу аль зарчмаар ч бай данхагар бүтцийг өөрчлөх ёстой. Бүлгийн хурлаараа энэ асуудлыг цаашдаа яриад явна. Хуулийн төслийг Засгийн газарт өргөн барина. Төрийн өмчит компаниудын хувьчлалыг олон жил л ярилаа. 95 хувийг авч үлдээд 5 хувиа хувьчлахыг хувьчилсан гэж хэлэхгүй” гэв.

Харин УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж аж ахуйн нэгжүүдийн татварын өр 3.4 их наядад хүрч, 20 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, 20 мянган аж ахуйн нэгж дансаа хаалгасан энэ цагт дахиад гаднаас бонд босгож, өрийг өрөөр дарах зарчмаар төр ажиллаж байна. Тэгсэн атлаа бүтцээ данхайлгаж байгаа нь буруу гэв.