ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ниргэсэн хойно нь хашгирсаар л

O.Admin
3 цагийн өмнө

Жилийн жилд дуулиан шуугиан тарьж, жигтэйхэн сүр дуулиантайгаар шуугидаг ч тэгсхийгээд мартдаг олон арван сэдвийн нэг бол цэргийн яргалал, дүрмийн бус дэгийн тухай асуудал.

Цэргийн анги болгонд, цоож, дөнгөтэй, харуул хамгаалалттай хаалга болгоны цаана социализмын үеэс л амь бөхтэй оршиж ирсэн цэргийн дэг буюу шууд утгаараа хүчирхийлэл, зодуур, дарамт эцэстээ ардчилсан чөлөөт нийгэмд савнаасаа бүрэн хальж, яргалал зодуурынх нь асуудал нийгмийн анхааралд орж ирснээс хойш хэдэн оныг үдэв ээ.

Цэл залуухан, эрүүл саруул хүүгээ эх орноо хамгаалаад ир хэмээн явуулсан олон ч эцэг, эх энэ хугацаанд хөрсөн цогцос, хүн танихын аргагүй турсан хүүхдээ хүлээж авсан гашуун жишээ, бодит баримт олон бий шүү. Тэр болгонд Монголын төр, хууль шүүх, цагдаа, хүчний байгууллага нь дөнгөж сэрсэн мэт хөл хөдөлгөөн болж, хяналт шалгалтыг чангатгана, ийм алдаа завхрал гаргуулахгүй, цэргийн ангиудаа шинэчилнэ гэдэг ч дээд нэг дарга нь ажлаа өгч, доод талдаа харин бахь байдгаараа буюу илүү нууцлагдмал, илүү харгис, муухай хэлбэрт шилжсээр байгааг нуух юун.

Эв эрүүл цэрэгт явсан цэнгэг агаарт хөдөө нутагт амьдардаг байсан залуу сүрьеэ тусаад үхчихдэг. Эрхтэн нь бүрэн бүтэн эхнэрээ үнсээд цэрэгт мордсон залуу хараагүй, сохор болчихдог. Ээж, аавдаа үнсүүлээд гарсан идэр залуу гүйж байхдаа зүрх нь хаагдаад үхчихдэг гээд энэ салбарын болохгүй бүхнийг хэвлэл мэдээллийнхэн бид хангалттай их сурвалжилсан, хангалттай их ч бичсэн дээ.

Цэргийн байгууллагын ажилтан алба хаагчдын архины замбараагүй хэрэглээ, сэтгэлзүйн байдал, камерын хяналтгүй цалгар назгай орчин, алба хаагчид ганц бие байгаа шалтгаан гээд хэчнээн олон зүйлтэй энэ бүхнийг холбож, дүгнэж бичсэн гэх вэ. Хамгийн сүүлд гэхэд л хоёр жил гаруйн өмнө мэдээллийн том сайтаас хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулж, олон талын эх сурвалжийг оролцуулсан хурал хуй хүртэл хийж, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын дарга нар бөөн, бөөнөөрөө суугаад л бодлогын шинэчлэл, хуулийн өөрчлөлтийн талаар ам хуурайгүй ярьж байсныг санаж байна аа.

Гэвч бодит байдал хаана өөрчлөгдөв, дарга нар аа. Хэлэлцүүлгийн дараагаас энэ салбарт хаана ямар бодит шинэчлэл өөрчлөлт хийгдэв гэж ам асууя. Учир нь өчигдөрхөн Дотоодын цэргийн ....дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ хувцас солих өрөө буюу камерын хяналтгүй “хар бүс”-ийн хэсэгт боксын бээлий өмсөөд “нүдэж” байгаа бичлэг сошиал орчинд цацагдав.

Зарим хагас галзуу сэтгүүлчид үүнийг улс төрийн зорилготой сэвээ хэмээн хүчийг нь саармагжуулж байгаа ч энэ бол бусдын нүдний өмнө ил биш атлаа камерын өмнө болсон зодуур, хүчирхийлэл. Зориудаар нэгэнд нь бээлий өмсгөөд нөгөөг нь цохиулаад, наана нь харж зогсоод бичлэг хийгээд цацаагүй л юм бол энэхүү бичлэг цэргийн салбарт өнөөх л харгислал, дэг хэвээр байгааг харуулсан баримт. Төрсөн нутгаа, төрөлх эх орноо хамгаалах эр цэрэг болоод ирээрэй хэмээн явуулсан үр нь хэн нэг галзуу залуугийн гарын шүүс болж, дүрмийн бус харилцааг тэвчээд зогсож байгааг харсан эцэг, эх лавтай зүгээр инээгээд суухгүй байх.

Тиймдээ ч хүүгийн эцэг, эх хийгээд тухайн ангид алба хааж буй бусад эцэг эхчүүд цэргийн ангид очиж, сэтгүүлчдэд яриа өгөхтэй зэрэгцэн улс төрийн зорилготой гэх мэтээр увайгүйтэн саармагжуулж буй нь эмгэнэлтэй биш гэж үү. Энэхүү бичлэг сошиал орчинд гарахтай зэрэгцэн Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис болон тус ангийн захирагч нар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийв. Ингэхдээ Р.Чингис генерал “Цэргийн байгууллага зовдог, зодуулдаг газар биш. Бид бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдтэй хамтарч ажиллахыг хүсэж байна.

Монгол Улсын ирээдүй болсон залуусыг улсынхаа тусгаар тогтнол, мөн гэр бүлээ авч явах эр хүн болгож байгаа. Тэр утгаар нь дүрмийн бус харилцаа бүү гараасай гэдэг үүднээс дүрэм журмаар нь явж байгаа. Хоёр талд гарч зогсохгүйгээр нэг талд гарч хамтарч ажиллаж, сайжруулах хэрэгтэй. Бид бүхэнд та нарын дуу хоолой, зөвлөмж маш их хэрэгтэй. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг яаж авч явах уу гэдэг нь зөвхөн салбарын толгойны өвчин биш. Нийгэм, төр засаг, иргэдийн бодлогын асуудал” хэмээв. Товчхондоо, энэ салбарын шинэчлэлийн төлөө би тултал ажиллаж байна. Та нар ч бас хамтарч ажилла хэмээн эрхэм генерал үүрэг өгөөтхөв.

Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагууд олон жил энэ амаргүй албанд чинь цалингүй атлаа цалинтай мэт л зүтгэж байгаа шүү, эрхэм генерал аа. Зарим нь бүр хэлэлцүүлэг хүртэл хийсэн. Олон ч хүн цэргийн албаны сайн сайхныг сурталчилж, цэргийн амьдралын жаргал зовлонг бичиж буй. Өмнө хэлсэн шиг суурь нь яг хаана байна вэ гэж сэдэв бүрээр нь шүүн тунгааж энэ талаар бичсэн дээ. Гэвч танай салбар л өөрчлөгдөж шинэчлэгдэе, өөр, өөр газраас ирсэн хүүхдүүдийг нийгэмшүүлье, зөв хүн болгоё, найз нөхөд болгоё, тэдний сэтгэлзүйтэй тулж ажиллая гэж хичээхгүй байгааг энэ хэрэг харууллаа. Товчхондоо, олон нийтийн газар, Улаанбаатар хотод ийм зүйл болж байхад камергүй хар бүс гэгддэг хөдөөгийн цэргийн ангиудад ямар байгаа нь тодорхой биз дээ.

Мянга түмэн удаа Ерөнхий сайд мэдэгдэл хийж, Дэд сайдаар ахлуулж шалгалт хийлгээд ч суурийг өөрчлөхгүй бол өөрчлөлт гарахгүй. Дотогшоо бүтэн өтчихсөн жимсийг мянга гаднаас нь угаагаад ч гоё амттай болохгүйтэй адилхан дээр, дооргүй өнгөцхөн шалгалт хийгээд ч энэ байдлыг өөрчилж чадахгүй.

Тиймээс ядахдаа л цэргийн мэргэжлийн сэтгэлзүйчтэй болох, хүн байх, хүнлэг байх наад захын ухаанд залуусыг сургах, уураа ухаанаар биш нударгаар шийддэг ухаан муутай залуусыг нийгэмшүүлэх чиглэл рүү цэргийн байгууллага ажилламаар байна. Энэ олон зуун залуус дунд олон янзын ааш авиртай хүн бий. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гагцхүү тэр бүхнийг өглөө, оройгүй жагсааж, баруун зүүн хөл заахаас илүү хүн байх, хүнлэг амьдрах, хүнтэй харьцах ухаан заагаад гаргах нь өөрөө цэргийн байгууллагын нэг том ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэлт байгаасай. Төрийн байгууллагадаа үүнийгээ уламжлаад, төсөв санхүүгээ шийдүүлээд, цэргийн чиглэлээр мэргэшсэн, дагнасан сэтгэлзүйч, нийгмийн ажилтнаа сургаж, бэлтгэхээс л өтсөн алим эрүүлжих эхлэл тавигдах учиртайг эрхэм генерал танд зориг гарган илтгэе. Эрчүүдийг нүдүүр дааж сургах бус эр хүнийг эр хүн шиг ухаалаг, уужуу болгохоос л шинэчлэлээ эхлэхсэн дээ.