Оюу толгойн Хянан шалгах түр хороо өчигдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлттэй танилцан, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх доорх саналуудыг дэмжжээ.
-Баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх,
-Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох,
-Тогтоолын төслийн 2.1 дэх хэсгээс зах зээлийн зарчим жишигт нийцүүлэн бууруулах гэдгийг хасах,
-Үр өгөөжийг 5 жил байсныг 3 жил тутам харилцан хянаж үзэх,
-Оюу толгой компани экспортын борлуулалтын орлогыг Монголын Улсын төв банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх,
-Тусгай шалгалт сонсголын мөрөөр ил болсон Монгол Улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эс үйлдэхүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлуудын мөрөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх.
Эдгээр саналуудыг тогтоолын төсөлд тусган өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх болно.
