Улс төрийн нэг хүчтэй нам гэхээс илүү нэг улстөрчийг шүтсэн аялдан дагалдагчид хийгээд тэдний гар хөл болсон цөөхөн хэдхэн хүмүүс, эсвэл гэр бүлээрээ нам байгуулан “тоглож” буй хэсэг бүлгийнхэн ямар замаар улс төрд тэсэж явсаар, эцэстээ юу болж дуусаж буйг олон намын төлөөлөл орж ирсэн гэгдэх парламентыг тойрсон зодоон, талцал хуваагдлаас та бид хангалттай харж байна.
Монгол Улсын Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 37 улс төрийн нам бүртгэлтэй ч тэдний ердөө дөрөв нь хийгээд Үндэсний эвслээс л 126 хүнтэй парламентад төлөөллөө оруулж ирсэн билээ. Гэтэл эдгээр дөрвөн нам нь хүртэл дотоодын зөрчил, тулаанаа дийлэхээ больж, “хаан” болох гэсэн ганцхан улстөрч хийгээд тэднийг тойрон хүрээлэгчдийн хоронд хордож, зөрчилдөөн, нанчилдаанаа дийлэхээ болив.
ИЗНН-ыг олон жил сандайлсан Бат.Батбаатар буланд шахагдаж эхлэв
ИЗНН-ынхан гэхэд л саяхан буюу ердөө гурван долоо хоногийн өмнө хоёр талд Их хурлаа хийж, зөрчлөө ил тод зарлалаа. Төрийн ордонд Бат.Батбаатар тэргүүтэй намынхан нь Их хурлаа хийсэн бол түүний яг эсрэг талд буюу “Пума имперал” зочид буудлын өрөөнд Нийслэлийн ИЗНН-ын дарга М.Амартунгалаг, ИЗНН-ын Дэд дарга С.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара тэргүүтэй хүмүүс мөн Их хурлаа хийж, “Бат.Батбаатар нь намын Удирдах албан тушаалд найз нөхөд, ах дүү, амраг саднаа оруулсан, намын санхүүжилтийн мэдээллийг нуусан, зориулалтын бусаар зарцуулсан” хэмээн буруутгаж, төрөөс өгсөн 455 сая төгрөгийн санхүүжилтээ тайлагнах шаардлага хүргүүлжээ.
Хэрвээ тэд оны өмнө намын Их хурлаа зүй ёсоор хийж, үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд 2025 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд бүртгүүлж чадахгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль байтугай 2028 оны УИХ-ын сонгуульд ч парламентад суудалтай улс төрийн намын статустай ороход хэцүү болно. Угтаа ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж буй ИЗНН-аас нэр дэвшигч өрсөлдөж чадахгүйд хүрэх эрсдэл бий болоод байгаа юм.
ИЗНН-ын тамгыг олон жил халаасалж, нэг хүний нам байдлаар авч явсаар инфлүүсэр, лайвчин бүсгүйн нэр нөлөөгөөр олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн Бат.Батбаатар эцэстээ өөрийнхөө оруулж ирсэн инфлүүсэртэй хувь заяагаа хийгээд намын тамгаа даатгаж мэдэх эрсдэлд орж, буланд шахагдаж эхлэв. Хэрвээ улс төрийн нам мөн л бол, улс төрийн намын гишүүнчлэлтэй гэдэг нь үнэн л бол хүссэн ч эс хүссэн ч эрүүл саруул тогтолцоог бий болгож, удирдлагын бүтцийг шинэчилж, эхнэр нөхрийн гишүүнчлэлээс намаа ангижруулах шаардлагатай болно. Хэрвээ тэгж чадахгүй бол урьж оруулж ирснүүдээ хөөж явуулаад, тамгаа гэртээ хадгалж, улс төрд дахин орж ирэх боломжоо ч үүрд алдах сонголтын өмнө иржээ.
ХҮН-ын нанчилдаан ил гарч, Т.Доржхандын эсрэг баг бүрджээ
Нөгөө талд гуравдагч хүчний орон зайг хүчтэй бүрдүүлсэн, мэргэжлийн эрдэмтэн судлаачид, салбар, салбарын шилдгүүдээр эгнээгээ бүрдүүлсэн хэмээн пиардаж байсан ХҮН намынхан ч энэ гашуун жишээг давтаж эхэлсэн нь гунигтай. Тэд ирээдүйд хүчтэй сөрөг хүчний орон зайг бүрдүүлж чадна гэж итгэсэн Монголын мянга, мянган шинэ үеийн залуусын хүсэл талаар болж, нэг хүнийг тахин шүтэгсэд хийгээд өнөөх л улс төрийн том намын хэсэг бүлгийн захиалгад хордсон шинэ үеийн шилдэг залуус хоёр хуваагдан талцаж эхэлжээ.
Энэ зөрчил тэмцэл Л.Оюун-Эрдэний танхимд ХҮН нам орох шийдвэр гарснаас албан ёсоор эхэлж, огцруулах асуудал хөндөгдөх үед улам бүр эрчимжсэн. Дараа нь Г.Занданшатарын танхимд үлдэх үү, эс үлдэх үү гэх асуудлын үеэр хийгээд МАН-ын тамганы зодоон эрчимжиж, шинэ засаг ганхахтай зэрэгцэн эрчээ авсан нь үнэн билээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Наранбаяр нарын нүдэндээ тентэй зодоон энэ бүхний эхлэлийг тавьж, инженер Ж.Золжаргалын Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан үйлдэл улам бүр дэврээжээ. Ингэснээр эцэст нь Ж.Золжаргал ХҮН намаас гарах сонголт хийсний дараа олон ч залуус тус намаас гарч буй мэдэгдлээ сошиалд ээлжлэн байршуулж эхлэх нь тэр. Өчигдөрхөн гэхэд л тус намын Баянгол дүүргийн намын хорооны дарга Т.Золбоот намын гишүүнчлэлээс татгалзсан өргөдлөө энэ сарын 08-нд хүлээлгэн өгсөн тухайгаа мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр, “...Саяхан болсон ХҮН намын VIII Их хурал ч тэр хариуцлага тооцох ёстой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бус, харин ч тэднийг батламжилж, “шагнаж” буйтай адил шийдвэрүүд гаргасныг олон нийт харлаа. Энэ бол шинэчлэл бус, ухралт. ...ХҮН нам дотоод ардчиллаа алдаж, шүүмжлэл даах чадваргүй, удирдлагын эрх ашиг, албан тушаал хамгаалах механизм болж хувирсныг харуулж байна. Ийм орчинд үнэт зүйл, шударга ёс, зарчим орших боломжгүй. Нам гэдэг бол удирдлагын өмч биш. Нам гэдэг бол гишүүдийн итгэл, дуу хоолой, зарчим дээр тогтдог улс төрийн институт бөгөөд тийм ч байх ёстой” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, шинэчлэл өөрчлөлтийн тухай ярьсан залуусыг захиалгатай хэмээн гөрдөж, сошиалаар харлуулж, гүтгэх зэргээр шинэ улс төрийн хүчний төлөвшилд байхгүй увайгүй үйлдэл гаргасаар байгаа учраас итгэж, дэмждэг шинэ үеийн залуусын төлөө энэ үйлдлийг хийж байна гэжээ.
Тэгэхээр ХҮН нам ч хуулийн хугацаандаа багтан дүрмээ шинэчилж, улс төрийн намын рейтингээ хадгалж үлдэж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойж чадах уу гэдэг нь ойлгомжгүй болж байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хууль ёсоор оноос өмнө тэд үндсэн дүрмээ шинэчлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгч, бүртгүүлж байж л том улс төрд дахин тод тоглогч болж гарах ёстой болно. Гэвч Т.Доржханд хийгээд түүнийг тойрон хүрээлэгсдийн эрх ашиг өөр бусадтайгаа зөрчилдөж, энэхүү зодооноо албан ёсоор ил болгосноор ХҮН-д хүн үлдэх үү, эс үлдэх үү гэдэг маргаан хүртэл гарахад хүрчээ. Улс төрд хүчтэй гуравдагч хүчний орон зайг бүрдүүлсэн хэмээж байсан ХҮН нам үнэндээ МАН-ын хэдэн улстөрчийн цүнхний, халаасны хэдэн залуус орж ирж, нам болон “тоглож” байсныг харуулж буй нь гунигтай. Хөгжмөө захиалсан талд нь дуугаа очиж дуулсан, эрх ашгийн зөрчилтэй, мөнгөний хүлээсэнд уягдсан залуус хэзээ ч нам байгуулж, нэгдмэл эрх ашгаар дуугарч, тэмцэж, нэгдэж чадахгүйг ийнхүү олон намын төлөөлөлтэй парламентад орж ирсэн эхний жилдээ л харуулчихлаа. Цаашдаа юу ч хүлээх билээ.
МАН-д мад тавиулсан О.Цогтгэрэл матрын нулимс унагав уу
“АН-ыг Л.Оюун-Эрдэний Засгийн газрын хаалга, хатавчинд толгой хоргодуулж, үүднээс нь шившигтэй хөөгдүүллээ” хэмээн намын дарга Лу.Гантөмөрийгөө дуулиан, шуугиантай хөөж, тамгыг нь булааж авсан ч АН-ынхан ч нэг хүнтэй буюу даргаас өөр гишүүнгүй, нэг хэсэг намын төлөөлөл болсон тавиул залуус нам болж тоглож буй улс төрийн бусад намтайгаа адилхан ацан шалаанд орчихлоо.
Товчхондоо, Лу.Гантөмөрийг зайлуулж байгаад АН-ыг цэнгэлийн манлайд хүргэж, ардчиллыг амь оруулж, сөрөг хүчний орон зайд хүчтэй тоглогч хийнэ хэмээн амлалт өгсөн АН-ын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн хугацаанд олигтой улс төрийн нүүдэл хийж чадаагүй. Товчхондоо, “Баяраа өөрөө ширээнээс унасан”. АН-ынханд өнгөрсөн хугацааны улс төрийн зодоон дунд Засгийн газраас гарсныхаа хариуг хангалттай авч, Г.Занданшатарын Засгийн газрыг нь огцруулж, хүссэн улс төрийн тоглолтыг нь хийлгэж, МАН-ыг нэг мөр хоёр хагалах улс төрийн хангалттай боломж, нүүдэл байсан. Гэвч тэд тэгээгүй.
МАН-ынхан үе хоорондоо хагарч, тамганы зодоон нь эрчимжиж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыгаа огцруулах улс төрийн зодоон нь чинээндээ тулж байхад тэд МАН-ын дарга нарын өрөө хэсэж, тохироо хийж явсан нь худлаа биш шүү. Товчхондоо, дараагийн Засгийн газарт орж ирэх, бүтээмжийн менежер, БЭТ нэрээр тавигдсан намын залуусынхаа албан тушаалыг төрийн дунд, дээд шатанд авч үлдэх, хамгийн чухал нь Улсын Дээд шүүхэд гацчихсан байгаа үндсэн дүрмээ босго давуулж, намын даргаараа жинхлэх хүсэлтээ тэр МАН-ын цаад эзэн гэгдэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийгээд түүний наад талд буй “жараахай” нартай хэлэлцэж явсан нь худлаа биш.
Тэд ч насаараа улс төрд чанагдсан луухгарууд учраас бизнесийн салбараас орж ирсэн “шинэков”-ыг яаж мадлахаа ч мэдэж байсан биз. Тиймдээ ч Дээд шүүхэд чиний дүрмийг батлуулж, намын даргаар асуудалгүй томилуулна. Засгийн газарт оруулж ирнэ. Бүтээмжийн менежерүүдийг чинь үлдээнэ гэх мэтээр аргалж байгаад танхимаа хамгаалж үлдэх улс төрийн нүүдэл рүү түүнийг оруулсан. Эхэндээ АН-ын даргад асуудалгүй Дээд шүүх дээр батлуулж, арга эвийг нь олохоо ч тэд мартаагүй. О.Цогтгэрэл харин түүнд нь итгээд “нисчихэж”.
Тиймдээ ч МАН-ынхан хоёр талд гараад бат нот зогсчихсон тэр шөнө О.Цогтгэрэл тэргүүтэн эс үйлдэхүй хийж, өрөө өрөө дамжин архидаж, хор найруулж гүйснийг монгол түмэн цугаар харсан билээ. “Манай гишүүд гэр бүлээ санаад шөнө ажиллахгүй гээд эрт гэрлүүгээ явсан байх” гэсэн хүн ичмээр тайлбар хэлж, огцруулах асуудлыг оруулж ирсэн чуулганыг шөнөжин ирцгүй гацаасаар үүр цайлгасан нь бас үнэн. Эцэстээ Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрыг огцруулна гэсэн шийдвэрийг эргэж оруулж ирнэ гэдгийг мэдмэгцээ маргааш өглөө нь хоёуланг нь зэрэг огцруулна гэсэн улс төрийн жүжиг тавьж, намын гишүүдээ кнопдуулаад гарсныг ч улс төр гадарлах хүн болгон мэдэж байлаа.
Гэвч О.Цогтгэрэл эцэстээ МАН-даа мад тавиулав. Тэр бол МАН-ын захиалга биш байжээ. Харин МАН хэнийг захиалсан бэ гэдгээ Оюутолгойн сонсголтой зэрэгцэн олон нийтэд ил тодоор зарлаж өглөө. Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлж чадахгүй, улс төрийн намын гишүүдээ нэг мөр төрөөс хөөлгөчихсөн АН-ын дарга гэх сэтэрнээс өөр зүйлгүй О.Цогтгэрэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч үзэж чадалгүй “тахимаа өгөх” эрсдэл бий болсныг “С.Баярцогт бол ариухан гэгээхэн дүр. Ард түмэнд асар их баялгийг авчирсан баатар. Оюутолгойг үзэглэсэн гавьяатан” гэсэн огт наалдахгүй пиарын захиалгаар “зөөгч нарт” өгөв.
Тэд харин дуу нэгтэйгээр сошиал орчинд уухайлан, С.Баярцогт болбоос дараагийн АН-ын дарга буюу МАН-ын ах нарын захиалга шүү гэдгийг хэлээд өгчихлөө. Ийнхүү Засгийн газрын танхимд урилгаар залрах байтугай төрийн дунд шатнаас менежерүүдтэйгээ “хөөгдөж”, Дээд шүүхийн босгоор дүрмээ ч давуулж чадахгүй гацсан О.Цогтгэрэл эцсийн нүүдэл хийхээр шийдсэн нь Дэд сайдын томилгоогоор дамжуулан Засгийн газрыг огцруулах асуудал. Гэвч МАН үүнийгээ тооцохгүй нүүдэл хийнэ гэдэг юу л бол.
Тухайлбал, өнгөрөгч баасан гарагт тэд бүлгээрээ “Засгийн газрын бүтцийг та данхайлгачихлаа. Ажлаа өг” хэмээн Ерөнхий сайд руу ороход “Засгийн газрын хуульдаа Дэд сайдтай байна гэж байгаа. Та бүхэн хуульд өөрчлөлт оруулна аа, Дэд сайдгүй байя гэвэл хамтарч ажиллахад бэлэн” хэмээгээд мад тавиад гаргав. Улсын төсвийг хэлэлцэхдээ Дэд сайдын тухай амаа ч ангайлгаагүй Ерөнхий сайд Төсвийн хууль зөрчиж буйгаа мэдэж байгаа ч тийм том улс төрийг зоригтой хийж буй нь Засгийн газрыг огцруулах кноп дахиад хүрэхгүй гэдгийг тооцсоных биз.
Товчхондоо, ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл хүртэл хоёр хуваагдаж, МАН-ыг хүчээр шахуу нэг талдаа оруулчихсан учраас эзэд одоо дуртай хөгжмөө захиалж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэд хүссэн хүнээ захиалж, хүссэн улс төрөө хийх эхлэлээ ийнхүү Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээс өмнө намуудыг самарч буй том, жижиг тоглоомоороо харууллаа.
Хаанд таалагдахгүй бөх өвдөг шороодож, ноёны бөх давах учиртай наадмын тов хэдийнэ зарлагдчихаад байхад “Би давж чадах байсан. Биднийг шударга бусаар наадмаас хасчихлаа. Булхайцлаа” хэмээн матрын нулимс унагахад хэтэрхий оройтсон биш үү, О.Цогтгэрэл дарга аа. МАН-ын дараагийн үе гэгдэж байсан Л.Оюун-Эрдэнийгээ Д.Амарбаясгалантай хамт нь зайлуулсан тэдэнд О.Цогтгэрэл бол үдийн будаа.
Та захиалсан бөх нь биш байж. Таны дараачаар гараан дээр дэвэх төдийхнөөр бэлгэдэл болж гарч ирээд ноёны бөхөд унаж өгөх хүний нэр тодорчихлоо. Уйлаад яах билээ. Харц ардын шатахууны зодоон, очер хийгээд хүрээ эрхэлсэн ноёд буюу бусад намын дарга нарын эрх мэдлийн төлөө тэсэж үлдэх гэсэн толхилцоон дунд МАН-ын шинэ эзэд хүслээ биелүүлж, хүрэх өндөрлөг рүүгээ ногоон гэрлээр очих замаа бүрэн дүүрэн ийнхүү засчихав. Нам доторх шинэ үеийн залуусаа өндийх чадалгүй, хэлэх үггүй болгож чадсан тэдэнд шинэхэн намын дарга нар, шинээр орж ирсэн улс төрийн намууд ямар амархан хоол гээч.
