УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.19/-ийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой 2026 оны төсөвт нийслэл болон орон нутагт сургууль, цэцэрлэг шинээр барих, багш, ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр боловсрол, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төсөвт тусгасныг гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шим тэжээлийн дутагдалтай гэсэн судалгаа гарсан байдаг. Олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдийн шим тэжээлд оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт 35 дахин үр өгөөж нь эргэн ирдэг. Иймд, хүүхдийн шим тэжээлийн дутагдлыг арилгах чиглэлд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг гишүүд хэлсэн. Тухайлбал, үдийн цай хөтөлбөрт сүү нэмэлтээр сурагчдад уулгахад олон талын ач холбогдолтойг гишүүд хэлж байгаа. Тэгвэл уг хөтөлбөрт 160 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг салбарын сайд нь хэллээ.
Мөн 2026 онд дунд хугацааны татварын цогц реформыг эхлүүлж байгаагаараа онцлог. НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-т өөрчлөлтүүдийг хийхэд төсвийн орлого талд нийт 4 их наяд төгрөгийн ачаалал ирж байна. Мөн НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлнэ гэж төсөлд тусгасан.
Энэ хүрээнд нийт нэг их наяд төгрөгийн буцаан олголт хийгдэх юм байна. Энэ хэмжээгээр иргэд, өрхийн орлого нэмэгдэх иргэдийн хүлээлтэд нийцүүлсэн татварын бодлого гэдгийг хууль санаачлагчид хариуллаа. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд татварын бодлого чиглэж байгааг онцлов.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг дахин завсарлага авлаа.