Ирэх сонгуулиар Ерөнхий сайдын суудалд ч очиж мэдэх, цаашлаад 2027 онд Ерөнхийлөгчийн сунгаанд ч оролцох МАН-ын даргын суудал тойрсон марафон улс төрд өрнөж байна. Энэ сарын сүүлээр Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарласан МАН-ын даргын сонгуульд одоогоор нэгхэн нэр дэвшигч өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан.
Түүнийг нэр дэвшихээ мэдэгдсэн даруйд л жилийн жилд холбож хэмлэдэг “Бор тээг”-ийн уурхай, “Адменирал” гэх асуудлуудыг нааж, зохион байгуулалттай үйл ажиллагаа өрнөж эхлэв. Цаашлаад, Ерөнхийлөгч дуудаж уулзаад “Нэрээ тат” хэмээн сүрдүүлсэн гэх мэдээлэл ч өрнөж эхэлсэн. Гэсэн ч УИХ-ын даргын зүгээс “Надад нэрээ татах бодол алга. Улс төрийн гуравдагч, дөрөвдэгч этгээдүүд энэ мэт үйлдлээ зогсооно уу” хэмээн мэдэгдсэн билээ.
Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас ч “Ерөнхийлөгч Д.Амарбаясгалантай уулзаагүй. Ийм зүйл хэлээгүй” гэх тайлбар өгч байв. Гэвч улс төрийн нөхцөл байдал буюу хөшигний цаана бол арай өөр зүйл өрнөж буйг улс төрийн хүрээнийхэн ярьж буй.
Товчхондоо, Д.Амарбаясгалангийн гол өрсөлдөгч нь одоогоор нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээгүй байгаа Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар гэхээс илүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг нь ойлгомжтой болсон. Гэхдээ Ерөнхийлөгчийн тухайд нам бус. Харин өөрийн төлөөний хүнээ намын даргаар томилсноор 2027 онд дахин нэр дэвших боломжоо атгах, улмаар МАН-ыг хяналтдаа байлгах боломж бүрдэх учиртай.
Засгийн газрын тэргүүнийг чуулганы индрээс загнаж байгаад буулган авч Засгийн газрыг өөрийн хяналтад оруулсан гэгдэж буй Ерөнхийлөгчид эрх баригч намын тамга очиж гэмээнэ юу болох вэ гэдэг асуудал мэдээж энд заавал хөндөгдөнө. Өнөөдөр 2026 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа ч улстөрчдөд ирэх онд Монгол Улс хаанаас хэдэн төгрөг олж, хаашаа хэдийг зарцуулах вэ гэдгээс илүү улс төрийн зодооноо УИХ-ын чуулганы үеэр гаргах л чухал байна.
Залуу үе хийгээд ахмад үе гэж хоёр хуваагдсан МАН-ынхан оруулж ирсэн төсвөөр далимдуулан улс төрийн шахалт хийж, хоёр талцан хэрэлдэж байгаа нь үнэн. Нэг талдаа энэ нь хайрцаглагдахгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй үйлдэл боловч нөгөө талдаа энэ бол асар том зөрчил рүү явуулах вий гэсэн айдас, болгоомжлол байгааг нуух юун.
Хууль шүүх, цагдаа гээд том албуудыг атгандаа оруулсан Ерөнхийлөгч хийгээд тэдний багт намын тамга очсоны дараа эсрэг дуугарсан бүхнээ ачиж хорьж, хэрэг тулгаж, АТГ-аар айлгаад байвал энэ нам цаашлаад энэ улсад юу болох вэ гэсэн айдас МАН-ынханд байгаа нь нууц биш. “Ажлаа өгч чадахгүй бол ард түмэн чамтай арай өөрөөр ярина шүү” хэмээн нутгийн дүүгээ загнаж, чуулганы индрээс гишүүдийг харцаараа хөдөлгөсөн шиг МАН-ын эрүүл агаар, эрх чөлөөний төлөө дуугарсан бүхэн ачигдаж, хоригдох вий гэсэн айдас байгааг ч залуу гишүүд нь битүүхэн ярьцгаах болов.
Хуулийн байгууллага хэний дохиураар хөдөлдөг вэ гэдгийг ч ойлгож буй учраас тэр биз. Тэгэхээр Д.Амарбаясгалан Ерөнхий сайдтай гэхээс илүү Ерөнхийлөгчтэй том тулаанд орж байна гэж дүгнэж буй хэрэг. Нөгөөтээгүүр, энэ бүх өрсөлдөөний дараа түүнд УИХ-ын даргын суудал ч үлдэхгүй байх эрсдэл бий. Гэсэн ч тэр зоригтойгоор намын даргын төлөөх тулаанд орж ирэв. Харин тамгаа авах уу, эс авах уу гэдгийг энэ сарын сүүлээр Удирдах зөвлөл эцэслэж, ирэх сарын эхээр Бага хурал нь дэнслэх нь ээ. Тэр болтол харин намын тамганы зодоон Тусгаар тогтнолын ордон хийгээд Төрийн ордноосоо хальчихгүй үргэлжлээсэй.