ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын бүлгээс байгуулах Төсвийн ажлын хэсгийг Б.Түвшин гишүүн ахална

O.Admin
4 цагийн өмнө

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, 2026 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал, АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн танилцуулга хийж буй бол УИХ-ын гишүүн Ц.Баатархүү болон АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан нар УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөг танилцуулав. 

Мөн АН-ын гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганд өргөн барина. Өнгөрсөн хугацаанд төрийн эдийн засаг, төвлөрсөн нийгмийн тогтолцоо руу маш хүчтэйгээр гулсан орсон. Эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, иргэдийн бизнесийн оролцоо улам хумигдаж байгаа энэ тогтолцоог өөрчлөх, иргэдэд орон зай гаргах хуулийг өргөн барих болно" гэв.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын гишүүдийн асуулгын цаг болгосон. Энэ есдүгээр сарын 26-наас эхлэн анхны парламентын асуулгын цагийг үр дүнтэй болгохын тулд надаар ахлуулсан ажлын хэсэг ажиллана" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Монгол Улсын хүн амын 45 хувь нь аж төрж байгаа Улаанбаатар хотын газар олголтын мэдээллийг ил тод болгоё. Өнгөрсөн 1992 оноос өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотод газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх зөвшөөрөл олгосныг шалгаж, тоолж, аудит хийж хяналтын сонсгол зохион байгуулна" гэсэн мэдээллийг тус тус өглөө. Дашрамд дурдахад, Ардчилсан намын бүлгээс 2026 оны Монгол Улсын төсвийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж Б.Түвшин гишүүнээр ахлуулан ажиллуулах шийдвэр гаргажээ.