УИХ-ын гишүүн Б.Жаргалан “АТГ-ын хоёр мөрдөгч өнөөдөр 15.30 цагийн орчимд Төрийн ордонд ажилладаг ажилтны нэрээр ордонд нэвтэрч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явууллаа.
Тодруулбал, н.Балдандорж, н.Батмөнх нарын хоёр АТГ-ын ажилтан Төрийн ордонд ажилладаг хүний нэр дээр нэг удаагийн нэвтрэх үнэмлэх авч орж ирээд бичлэг хийж, С.Ганбаатар гишүүний өрөөнд орсон байгаа юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, УИХ-ын байр, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт авсан завсарлагыг сунгах хүсэлт гаргаж байна.
Энэ хугацаанд бид асуудлаа ярина. Даваа гарагт бүлгийн хурлаар ярина. Цаашдаа бид Төрийн ордонд гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахын дэмжсээр байх уу. Энэ асуудалд анхаарлаа хандуулж өгөөч. Тав хоног хүртэл завсарлага авах хуультай. Гурав хоног завсарлага авахыг хүсэж байна” гэв.
Харин АТГ-аас "Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Эрүүгийн хэргийн яллагдагчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулсан" гэдэг тайлбарыг хийлээ.