ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа, дараагийнх нь...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-28

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авахдаа их хэмжээний мөнгө төрөөс гаргуулсан, мөн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Энхжин” хотхоноос өнгөрөгч гуравдугаар сарын 05-нд баривчлан саатуулж байлаа. Улмаар 48 цагийн дараа түүнийг суллаж, гадуур байцаалт авч байсан юм.

Гэвч Д.Эрдэнэбилэг гэгч нь байцаалт өгөх явцдаа мөрдөн байцаалтад саад учруулахыг завдсан, хэргийг шалгаж байсан байцаагчийг дарамталсан зэрэг ноцтой зөрчил гаргасан учраас түүнийг саатуулж шалгах хүсэлтээ Эрүүгийн цагдаагийн газраас УЕП-ын газарт энэ сарын 21-нд гаргасан байдаг. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг хойшлуулсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг цагдан хорих нь зөв гэсэн шийдвэрийг гаргаж, 30 хоногоор саатуулахаар болжээ.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар байцаагчийг хэл амаар доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсан учраас саатуулахаас өөр аргагүй болсон гэх. Монгол Улсын хууль шүүхийн байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Тиймдээ ч хэргийг үнэн зөвөөр шийдэхийн тулд цагдан хорихоос өөр аргагүй байсан бололтой. Яг энэ өдрүүдэд түүний араас хэнийг баривчлах вэ гэдэг нь анхаарлын төвд ороод байгаа.

Д.Эрдэнэбилэгийг анх баривчлах үед 49 хувийг худалдан авсан “Монголын зэс корпораци” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин гэх залуу болон мөнгө гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг саатуулж байсан. Гэсэн ч мөн л гадуур байцаах нь зүйтэй гэж үзээд сулласан.

Гэвч хэрэг явдал илүү ноцтой болж, байцаалт өгч байгаа этгээдүүд гадуур байцаалт өгөх явцдаа үгсэн тохирох, хэргээс мултрах зэрэг нөхцөл байдал үүсэж магадгүй болсон учраас ийн баривчлан саатуулах нь зөв гэж шийдсэн билээ. Тиймдээ ч дараагийн баривчилгаа нь О.Орхон уу, эсвэл Ц.Пүрэвтүвшин байх уу. Мөн Монголын хууль шүүхийн байгууллага энэ хэрэгт ямар ял шийтгэл ногдуулах, хэргийг хэрхэн шийдэх нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. 

Б.Тогтох