ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Хулан: Өдөр бүхэн аз жаргалыг мэдэрч бөмбөгөө тоглодог

O.Admin
20 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Тус багийн үнэ цэнэтэй тоглогч, ДАШТ-ий бэлгэдлийн багийн тоглогчоор нэрлэгдсэн, ОУХМ, шинэхэн гавьяат О.Хулан “Үнэхээр гайхалтай байна. Монголын ард түмнийг баясгахыг маш их хүсэж байсан. Хожигдол бүрийн араас хор шар хөдөлж, уйлж байхдаа “Би хэзээ ард түмнээ баярлуулах бол, хамтдаа хэзээ баярлах бол” гэж мөрөөддөг байлаа. Өдөр бүр мөрөөдөж амьдарч байсан.

Тэр мөрөөдлийнхөө захад хүрлээ. Багийнхаа охидыг чимхэж үзсэн. Ийм гоё мэдрэмж, хайр хүндлэлийг аваад сэрэхэд зүүд байсан байвал яана аа гэж айж байна. Үгээр илэрхийлж чадахгүй нь, үнэхээр гайхалтай байна.

Энэхүү хөдөлмөрийг маань үнэлж МУГТ гэдэг маш том шагнал өглөө. Мэдээгээр сонсоод маш их шоконд орсон. Энэ бүхний дараа улам илүү их нягтарч, улам бүр хичээх болно оо. Бүх ард түмэндээ баярлалаа. Баярлалаа гэж хэлэх маш их хүн байна. Гавьяат С.Тулга багшдаа, н.Галбадрах, н.Ундрах багшдаа, дасгалжуулагч Стивдээ баярлалаа.

Ерөнхий ивээн тэтгэгч нар, “Амазонс”-ын дөрвөн ах нартаа баярлалаа. Өнөөдөр хайртай бүх хүмүүс маань ирсэн байна. Хайрыг нь дааж явна аа. Багад маань аав, ээж маань намайг дэмий гэж хориглодог байсан. Би ч өөрөө сагсчин болно гэж бодоогүй. Гэхдээ дурласан зүйлдээ хүн тууштай явж чадвал амжилтад хүрдэг юм байна. Өдөр бүхэн аз жаргалыг мэдэрч бөмбөгөө тоглодог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.