Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө. Тэрбээр, "2020 онд Эрүүгийн хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангийг нэмж оруулсан. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад 1686 хэрэг бүртгэл нээгдэн шалгагдсан.
Үүнээс 419-ийг нь эрүүгийн хэргээр бүртгэж, 590 иргэнийг яллагдагчаар татсан. 392-ыг нь шүүхэд шилжүүлсэн бол 189 хэргийг мөрдөн шалгаж байна. Эдгээр иргэдийн 71.8 хувь нь буюу 322 иргэнд торгох ял ногдуулсан бол 13 иргэнийг хорих ялаар шийтгэлээ. 2025 онд Эрүүгийн хуульд 20.17-гоос гадна 20.18, 20.19 гэсэн хоёр зүйл анги нэмэгдсэн. Төлбөрт бооцоот тоглоом зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зүйл анги юм.
Хуулийн өөрчлөлтөөс өмнө “1xbet” цахим тоглоомын 113 агент цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаад 95 агент нь бүрэн зогссон. Сайтаар орж тоглодог 48 тоглоомоос 24 нь бүрэн зогссон. Өөр домайн ашиглах зэргээр зарим тохиолдолд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Апп суурьтай олон улсад үйл ажиллагаа явуулдаг 97 клубын үйл ажиллагааг мониторинг хийж тогтоогоод 47 клубын үйл ажиллагааг зогсоож, заримыг нь эрүүгийн хэрэгт татлаа.
Долоон удаагийн ажил, арга хэмжээний хүрээнд 6.7 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, 29.4 тэрбум төгрөгийг битүүмжилжээ. Энэ нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө юм. 5.4 тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг дансанд царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 12 мянга гаруй домайн хаягийг устгалаа. Энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос сэргийлэхийг иргэдэд анхааруулъя. Цахим мөрийтэй тоглоомын хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг анхаарч, ялын бодлогыг илүү хүндрүүлэх шаардлага бий" гэлээ.
