ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын 2026 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно.

Уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.