Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрээр байгуулагдсан шатахууны хангалт, нийлүүлэлтийг хянах “Шуурхай штаб” өнөөдөр Ерөнхий сайдад ажлаа тайлагнаж, үүний дараа олон нийтэд хандан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Хангалт, нийлүүлэлтийн асуудал дэлхий дахины бэрхшээл болсон. Үүнийг ойлгож байгаа ард түмэндээ баярлалаа. Манай улс сардаа 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Ердийн хэрэглээ гэсэн үг. Наймдугаар сард 54 мянган тонныг оруулж ирсэн. Есдүгээр сард 62 мянган тонныг оруулж ирсэн. Орж ирэх хэмжээ багассан учраас нийлүүлэлтийн гаралтай шок багасч өгөхгүй байгаа юм. Жоохон ачилт багасахад л хүндрэл учраад байгааг ойлгоорой. Хоёр хоногийн өмнөөс ОХУ экспортын мэдээллээ нууцлах Ерөнхийлөгчийн зарлиг гарган хэрэгжүүлж эхэллээ.
ОХУ-ын тухайд манай улсын нийт экспортын 97 хувийг дангаараа нийлүүлдэг. 34 том нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь 1-ээс дээш удаа дроны бөмбөгдөлтөд өртсөн нөхцөл байдалтай байгаа. Дотооддоо Евро-2, 3 төрлийн болон найруулсан бензин хэрэглэхийг хориглож байсан бол үүнийгээ чөлөөлчихлөө. Энэхүү чөлөөлөлт нь “Евро-2” буюу бидний өргөн хэрэглэдэг АИ-92-ыг зөвхөн Ангарскийн үйлдвэрт үйлдвэрлэж, манайх, Киргизстан улсад нийлүүлдэг байсан бол өөрсдөө дотооддоо хэрэглэж эхэлснээр манайх руу нийлүүлдэг хэмжээ нь багасч, сардаа 54 мянган тонныг л явуулж байгаа. Тасалдахгүй байгаа нь том боломж. Аравдугаар сард БНХАУ-аас бензин авч эхэлснээр нийлүүлэлт хэвийн болох хүлээлт бий. Бидэнд улсын хэмжээнд шатахууны нөөц савгүйгээс асуудал үүсэж байгаа. Манай Засгийн газар бодлого гаргаж, савны хүчин чадлаар 150 мянган тонноор нэмэгдүүлснээр 45 хоногийн нөөцөө бүрдүүлэх боломж үүсэж байна.
Энгийн үед өдөрт нийслэлд 1000 тонн боломжийн хэрэглээ болдог. Гэтэл одоо 1800 тонныг нийлүүлээд ч шок арилахгүй байгаа. Хомсдол үүссэн гэдэгтээ зэрэгцээд ийм асуудал үүсдэг. Ойрын хэд хоногоос шатахууны тасалдал хэвийн болно. Ийм байдал дараагийн сард хэрхэхийг бид тааж мэдэхгүй. АНУ дизелийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахгүй гэж шийдлээ. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүний экспортыг хориглох шийдвэрийг дөнгөж өчигдөр гаргалаа. Би үргэлжлүүлээд БНХАУ-тай ярилцахаар явна. Сингапур, Беларусь улстай уулзалтаа хийнэ. Мянгыг мянга гэхгүйгээр олж ирсээр байгаа. Засгийн газар бензин зардаггүй. Гэхдээ олж ирэхэд нь ААН-үүдэд бүх бодлогын дэмжлэг үзүүлж байна. 7 хоногийн тээвэрлэлтийг 3 болгож өглөө. Хилээр ороод ирэхэд өдөрт нь Улаанбаатарт тээвэрлэн авчирч байгаа. Нэг ШТС-ыг өдөрт 2-3 цэнэглэж байгаа. Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, дотоодын үйлдвэрээ шуурхайлах зэрэг бодлогын ажлуудаа хийгээд явж байна.
Дэлхийн дайны нөхцөл байдал хэзээ дуусахыг мэдэхгүй учраас нөөцийн сав, үйлдвэр, хайгуулаа эрчимжүүлээд явж байна. Шагийн бензиний асуудлыг шалгадаг газрууд нь шалгаад явж байна. Шөнөөр өгөхгүй байгаа ААН-үүдийг торгож, хянаад тогтмол шалгаад явж байна. дотоодод үүссэн асуудлаар бид жагсаал хийж байгаа иргэдтэй уулзаад ярилцаад явна. Гадаад хүчин зүйлээс үүссэн шок дээр бидний хийж чадах асуудал алга. ОХУ-тай 10 удаагийн уулзалт хийлээ. Дахиад тун удахгүй явж ОХУ-ын Түлшний сайдтай уулзана. Сингапурт очиж дэлхийн хамгийн том нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ААН-тэй үнийн асуудлаар уулзана. Беларусь улстай онгоцны түлшний асуудлаар очиж уулзах гэж байна. 1000 тонн ч гэхгүй очиж уулзаж, ААН-үүдээ холбох ажлыг тасралтгүй хийлээ.
200 гаруй импортлогч компани байгаагаас 14 нь шатахуун оруулж ирдэг. Бид дуртай нь оруулж ир гээд чөлөөлчихсөн. Гэхдээ” Роснефть”, “Газпром” хэнтэй гэрээ хийж, хэнд өгөхөө шийднэ. Засгийн газар шатахуун оруулж ирдэггүй. ААН-үүдээ бодлогоор бүрэн дэмжиж байна. Намайг огцруулаад дэлхийн дайн хэвийн болно гэвэл шууд одоо больчихмоор л байна. 30 жил хийгдээгүй шатахууны савны асуудлыг шийдлээ. 20 жил хийгдээгүй нөөцийн эрэл хайгуулыг шийдлээ. Олон эх үүсвэрийг бий болгож, БНХАУ-аас тогтмол авах гэрээ хийлээ. Боломжтой бүх чадлаараа ажиллаж байна. Онгоцны түлш, дизель түлшний нийлүүлэлт хэвийн болсон" хэмээлээ.
