Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлд 573 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс гүйцэтгэл нь 83 хувь хүрсэн. Иргэд хальтрахгүй, нийтийн тээврээ гадаа удаан хүлээхгүй байх, агаар орчны бохирдлыг өнгөрсөн жилээс сайжруулах зэрэг ажилд онц анхаарч байна. 9 дүгээр сарын 15-наас халаалт ирлээ.
Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн мидлингийг түлнэ. Улаанбаатар хотод 446 цэгээр түлшээ борлуулна. Бид эдгээр цэгүүдэд жигд түгээлтээ хийнэ. Сайжруулсан түлшний стандартыг барьж, кг-ыг байнга хянана. Аль цэгт дутагдал гарч байгааг хянаж, 200 гаруй машинаар түгээлтийг бүрэн хийнэ. Энэ жил 5000 айл хийн зууханд шилжлээ. Улаанбаатар хотод байгаа 270 уурын зуухны 8-ыг нь хийн зууханд шилжүүлж, агаарын бохирдлыг 5.8 хувиар бууруулж чадлаа.
Дулааны ачаалал 146 хувьтай байна. Дулааны эх үүсвэрээ нэмэх шаардлагатай. Цахилгаан 109-117 хувиар ачаалласан. Бохир усных 107 хувиар ачааллаж байна. Тиймээс инженер хангамжийн ажилд гол анхаарлаа хандуулж, энэ зуныг үдлээ. 57.3 км урттай шугам сүлжээ, засварын ажил хийлээ. Бохир, цэвэр усны шугамаа засаж, 17.6 км үерийн шугам сүлжээг шинээр ашиглалтад орууллаа. Шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй болсонд 1.8 их наядыг зарцуулж ард нь гарна аа. Ил харагдах байдалдаа илүү их анхаарчээ.
Дулааны 5 дугаар цахилгаан станцын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр явж байгаа энэхүү төсөл 2027 онд ашиглалтад орно. Дамбадаржаагийн ДЦС-ын ажил 80 хувьтай явж байна. Бөөрөлжүүлтийн цахилгаан станц өнгөрсөн жил гацсан. Нойтон нүүрснээс болж гацсан учраас энэ жил 350 тонн нүүрс хатаалаа. Хоолойг шууд татдаг шинэчлэл хийлээ.
Нийтдээ 111 км зам шинээр барилаа. 31 км зам заслаа. 76 км дугуйн зам шинээр хийсэн. Ирэх жил 350 км дугуйн замын сүлжээтэй болно. Энэ өвөл 1300 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Ес хоногийн түлшний нөөцөө бүрдүүлсэн. Ирэх жил тухайн автобус хэдэн минутын дараа тухайн зогсоолд ирэх ухаалаг самбарыг буудлуудад байршуулна" гэв.
