ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ

O.Admin
42 минутын өмнө

Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөр бүр 3.1 сая зорчилт хийгдэж, 800 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Хотын иргэд хоногт дунджаар 3 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Улаанбаатар хотын түгжрэлийн суурь шалтгаан ба шийдлийг хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр танилцууллаа.

Хотын нийт 3.1 сая зорчилтын 74.5 хувийг ажил, сургуультай холбоотой зорчилт эзэлжээ. Энэ нь түгжрэл автомашины тооны асуудал гэхээс илүү хотын үйлчилгээ хаана байрласны асуудал болжээ. Өдөрт 3.1 саяд хүрч байгаа зорчилтыг шалтгаан, байршлаар нь шинжилж, нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн зам, их багтаамжийн тээврийг нэг бодлогоор уялдуулах бодлогыг хэрэгжүүлж байгаагаа хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг дараах байдлаар шийдвэрлэнэ.

Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгоно

Нийслэлд нийтийн тээврийн хүртээмжгүй бүсэд 363,458 иргэн амьдарч байна. Энэ хүрээнд нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нэмж, нийт 27.3 км замын сүлжээг нэвтрүүлнэ. Ингэснээр 2028 онд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо 56 хувьд хүрнэ. Харин 2023 оны байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн тоо 24 хувьтай байгаа гэв. Нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус, 46 дунд багтаамжийн автобусаар парк шинэчлэл хийх аж.

Нийслэлд 44 сургууль шинээр барих санхүүжилтийг шийджээ

Сургууль, цэцэрлэг амрах үед хичээл орж байсан үеэс зорчилт 45.3 хувиар буурдаг байна. Энэхүү судалгаанд үндэслэн Улаанбаатар хотод 70,080 хүүхэд суралцах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Үүнээс боловсролын хүртээмж, хэрэгцээ хамгийн өндөр 44 сургуулийн санхүүжилтийн шийдлийг гаргаж, 11 сургуулийг Азийн хөгжлийн банк, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хичээлийн жилээс “Гэрт ойр сургууль” арга хэмжээг 21 сургуульд хэрэгжүүлж, 8,736 хүүхдийг хамруулаад байгааг дурдлаа.

Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулна. Тухайлбал, төвлөрөл ихтэй 1-р сургуулийн салбар сургуулийг хотын захын хороонд байгуулах юм байна.

Улаанбаатар хотод 23.4 км шинэ зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгэв

Улаанбаатар хотод холбоос замуудыг нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгэжээ. Цаашид нийт 158.8 км урт авто зам барихаар төлөвлөж байгаа аж. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дугуйн болон явган замын гүүрэн гарцыг барина. 

Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина гэв. Ингэснээр хөдөлгөөний эрчим 42.6 хувиар нэмэгдэнэ.

Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдана

Нийслэлийн хэмжээнд 180 уулзварын гэрлэн дохионы удирдлагыг шинэчилж, 10 байршилд хөдөлгөөний мэдээллийн самбар, 20 байршилд ухаалаг явган гарц байгуулна. Хөдөлгөөнийг бодит цагийн өгөгдөл ба хиймэл оюунд тулгуурлан удирдах нэгдсэн системийг хэрэгжүүлнэ.

“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

Улаанбаатар хот дэлхийд тэргүүлэгч “BYD” компанитай хамтарч “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна метро, тусгай замын автобус, трамвай, дүүжин замын тээвэр төслүүдийг хоорондоо өрсөлдсөн тусдаа төсөл бус нэг зорчилтын сүлжээ болгохоор ажлууд хийгдэж байгаа аж. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгсэл нь өртөг багатай, хурдан нэвтрүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод амжилттай нэвтрүүлжээ.