ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Писа-2025" үнэлгээгээр Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмблэгджээ

O.Admin
1 цагийн өмнө

Олон улсын "Писа" байгууллагын 2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагджээ. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна.

Энэ удаагийн үр дүнгээр 4 үзүүлэлтийнхээ дунджаар Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ.

Сорил тус бүрээр авч үзвэл:

-Математик 419 оноотой 49 дүгээр байрт

-Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт

-Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН ПИСА

Тус үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй. Өөрөөр хэлбэл, таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн гэсэн үг. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрэхгүй байсан юм.

2022 онтой харьцуулахад Монгол Улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7-аар буурсан.

СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛ ДЭХ ТЭГШ БАЙДАЛ

2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ.

Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн сурацлагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлжээ. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй байна.

БУСАД

Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өсчээ. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон Азийн дунджаас өндөр. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байсан аж. Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирчээ.