ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

20 ААН-нээс 2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирүүлжээ

O.Admin
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” тогтоолын төслийг баталлаа. Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлуулжээ.

Уг тогтоолоор нийслэлийн хүн амын 2027 оны хаврын махны нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох, нөөцийн мах бэлтгэх зорилгоор биржийн бус зах зээлд гаргасан үнэт цаасны хүүг тооцох, түүнд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх, нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагаанд өөрийн хөрөнгөөр оролцох аж ахуйн нэгжид Засгийн газраас олгох зээлийн хүүгийн дэмжлэгтэй тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2027 оны хаврын улиралд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх төлөвлөгөөний дагуу өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгжээс 11.6 мянган тонн мах нийлүүлэх хүсэлт ирүүлжээ. Үүнээс “Хаан” банк болон Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны шийдвэрээр 7 аж ахуйн нэгжийн нийт 61.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталж, 3117 тонн мах бэлтгэхээр хяналтын гэрээ байгуулах шатанд байгаа юм байна. Гэвч Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаар тогтоолын 4 дэх заалтад зээлийн хүүгийн хөнгөлөлтийг “агуулах дахь махны нөөц бүрдүүлэлтийн гүйцэтгэлд үндэслэн” олгохоор заасан нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, хүндрэл үүсэхээр байгааг сайд Ц.Идэрбат онцоллоо. Дээрх заалтаас үүдэн нийслэл, арилжааны банк болон аж ахуйн нэгж хооронд байгуулах гэрээг эцэслэн батлах боломжгүй болж, улмаар бэлтгэн нийлүүлэгчид болон банкууд нөөцийн мах бэлтгэлд оролцохгүй байхаа илэрхийлэх эрсдэл үүссэн байна. Учир нь нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ урьдчилан авснаар бэлтгэл ажлаа бүрэн хангах боломж бүрддэг онцлогтой.

Нийт шаардагдах эх үүсвэрийг зөвхөн банкны хүүгийн татаас бүхий хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх нь мах бэлтгэлийн ажлыг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул богино хугацаанд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхэд үнэт цаас зэрэг санхүүгийн бусад хэрэгслийг ашиглах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Бондын эх үүсвэр нь банкны зээлтэй харьцуулахад барьцаа хөрөнгийн шаардлага уян хатан бөгөөд улирал тутам зөвхөн хүү төлж, хугацааны эцэст үндсэн төлбөрөө төлдөг тул аж ахуйн нэгжүүдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах, мөнгөн урсгалтай нь нийцэх давуу талтай.

Түүнчлэн 2 аж ахуйн нэгж арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр бус, өөрийн хөрөнгөөр 1500 тонн мах бэлтгэх хүсэлтээ нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан бичгээр ирүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжид Засгийн газраас хариуцан төлөх хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгтэй дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг тооцон олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзжээ.

“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.