ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц барина

O.Admin
9 цагийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.

Тус төслийн явцтай Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.10.07) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Хархорум хотын Захирагч Л.Халтар, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нарын холбогдох албаны хүмүүс танилцлаа.

Энэ үеэр төслийг хэрэгжүүлэгч “Монхорус фьючер энержи” ХХК-иас гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 41.4 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тус нарны цахилгаан станцыг 2026 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаа танилцуулав.

Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор 80.7 сая кВт.ц эрчим хүч нийлүүлж, 40 мянган тонн нүүрсний хэрэглээтэй дүйцэх хэмнэлтийг бий болгох чухал ач холбогдолтой. Түүнчлэн оргил ачааллын үеийн импортын хамаарлыг бууруулж, бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарт санхүүжилт олгоход онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банк энэ оны зургаадугаар сард эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх, олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татахад анхаарч ажиллахаа онцолсон юм.